ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг эрх чөлөөт, шударга бус сонгуульд ялалт байгуулсныг барууны орнууд шүүмжилсэн бол Хятад улс ойрын холбоотондоо баяр хүргэжээ. Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа Путин 87.28 хувиар ялалт байгуулсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Энэ үр дүн нь хүч, хэлмэгдүүлэлт, луйврын замаар л гарах боломжтой гэж тэд үзсэн юм.
11 цагийн бүсэд үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын үйл явцыг олон улсын ажиглагчид хянаагүй.
Францын засгийн газар энэ удаагийн санал хураалтыг хүнд нөхцөлд болсон гэж дүгнэжээ. “Чөлөөт, олон ургальч, ардчилсан сонгууль явуулах нөхцөл бас л бүрдээгүй. Бүх нэр дэвшигч хэвлэл мэдээлэлд ижил тэгш эрхтэй байх олон улсын стандартыг энэ санал хураалт хангаагүй. Украин дахь түрэмгийллийн эсрэг байр суурьтай байгаа нэр дэвшигчдийг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй нь саналын олон ургальч шинжийг илт бууруулсан. Мөн түр эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд сонгуулийг хууль бусаар зохион байгуулсан нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл. Франц улс эдгээр санал асуулга болон түүний үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Герман улс мөн санал хураалтыг чөлөөт, шударга бус гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател “Энэ сонгууль хүчтэй хэлмэгдүүлэлтийн орчинд явагдсан. Путин ерөнхийлөгчөөр үлдэх өндөр магадлалтай. Энэ нь түүний автократыг зөвтгөх шалтгаан биш” гэжээ.
Европын холбооны зүгээс Оросын сонгуультай холбоотой мэдэгдэл хийхдээ “Украины нутаг дэвсгэрт сонгууль гэгчийг зохион байгуулсныг, түүнээс гарсан үр дүнг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Барууны удирдагчид энэ мэтээр эсэргүүцлээ илэрхийлж Путинд баяр хүргээгүй. Харин Хятадын дарга Ши Жиньпин Даваа гаригт Кремлийн удирдагч руу утсаар ярьж баяр хүргэлээ. Путины удирдлага дор ОХУ илүү том амжилт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хүрнэ гэдэгт итгэж буйгаа тэр илэрхийлэв.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL