ОХУ-аас Африкийн зургаан оронд 200 мянган тонн үр тариаг үнэгүй нийлүүлснийг Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев Мягмар гаригт мэдэгдлээ. Энэ нь ерөнхийлөгч Путины долдугаар сард өгсөн амлалтын дагуух нийлүүлэлт юм. Путин долдугаар сард Африкийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо доорх зургаан улсад үр тариа илгээнэ гэж амласан.
ОХУ-аас Сомали, Төв Африк улсуудад тус тус 50 мянган тонн, Мали, Буркина Фасо, Зимбабве, Эритри улсуудад тус тус 25 мянган тонн үр тариа илгээжээ.
Уг амлалтыг өгөхийн өмнөхөн ОХУ нь Украины үр тариаг Хар тэнгисийн боомтуудаар тээвэрлэхийг зөвшөөрсөн хэлэлцээрээс гарсан. Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн нөлөөгөөр дэлхий дахинд үр тарианы үнэ буурчээ. Гэвч хамгийн хэрэгцээтэй газруудад үр тариа хүрч чадахгүй байна гэж Путин маргасан юм.
“Орос, Африкийн дээд хэмжээний уулзалтын дараа бид Африкийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон. Үр дүнд нь эдгээр улсад тодорхой хэмжээний үр тариа хүргэх боломжтой болсон. ОХУ 2023-2024 оны хөдөө аж ахуйн жилд 70 сая тонн үр тариаг экспортлох төлөвтэй байна. Өмнөх улиралд ОХУ 16.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 66 сая тонн үр тариаг илгээсэн” гэж Патрушев хэлжээ.
Дашрамд дурдахад, 2023-2024 оны санхүүгийн жил өнгөрсөн оны долдугаар сарын нэгэнд эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 30-нд дуусна.
Эх сурвалж: REUTERS