Парис 2024 зуны олимп дөхөхийн хэрээр ОХУ-ын засгийн газар Олон улсын олимпийн хороонд түрэмгий хандах нь нэмэгджээ. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Мягмар гаригт мэдэгдэл хийлээ.
ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “ОХУ тамирчдад тавьсан хоригоос үл хамааран Олимпийн наадмыг бойкотлохгүй” гэсэн билээ.
Харин Олон улсын олимпийн хороо Орос, Беларусийн тамирчдыг цагаан туган доор оролцохыг зөвшөөрч буй.
“Бид Оросын Спортын сайдаас эелдэг мэдэгдэл сонссон. Гэхдээ нөгөө талаар Оросын засгийн газраас илт түрэмгий мэдэгдэл сонслоо. Нээлт, хаалтын ёслолд тэд хэрхэн оролцох талаар Мягмар, Лхагва гаригт Олон улсын олимпийн хорооны захирлуудын зөвлөл хэлэлцэнэ. Олон улсын олимпийн хороо юу ч хэлээгүй байхад Оросын засгийн газрын түрэмгий байдал өдөр өдрөөс нэмэгдэж буйг бид харж байна. Фашистаас эхлээд наадам, Олимпийн хөдөлгөөнийг үгүйсгэгчид байна. Ийм зүйлс Оросын албаныхнаас гарч байна. Путинээс ийм зүйл гарч байгаа эсэхийг мэдэхгүй юм, би өдөр бүр телеграм шалгадаггүй. Би тийм мазохист биш. Гэхдээ бүх л түвшинд дайралт ирж байна” гэж Томас Бах хэлэв.
Орос, Беларусийн тамирчдаас гадна Израиль ч бас цагаан туган доор наадамд оролцох саналыг Бах дэвшүүлжээ.
Гэхдээ Израилийн Олимпийн хороо Оросын Олимпийн хороо шиг дүрэм зөрчөөгүй. Олимпийн ертөнцөд Израилийн Олимпийн хороо, Палестины Олимпийн хороо гэж хоёр тусдаа 30 жилийн турш эв найртай зэрэгцэн оршиж байна. Харин ОХУ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Үндэсний олимпийн хорооны эрхэнд халдаж байгааг Бах онцолжээ.
Эх сурвалж: REUTERS