Украины арми Ням гаригт ОХУ-ын Белгород мужид хоёр удаа цохилт өгснийг мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдэв. Халдлагын улмаас Украины зүүн хэсгийн Сумы мужтай хиллэдэг Демидовка тосгонд барилгын дээвэр болон хийн хоолой гэмтжээ. Мөн Украины хилийн ойролцоо орших Старый Хутор тосгон дайралтад өртсөн байна. Хүний амь нас эрсдээгүй.
ОХУ-ын Белгород муж нь Украины Сумы, Харьков, Луганск мужуудтай хиллэдэг. Оросын арми Украины эсрэг халдлага үйлдэхдээ тус мужуудад байрлах нь элбэг.
ОХУ-ын Курск муж дахь Тиоткино тосгон мөн Ням гаригт нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөнийг мужийн захирагч Роман Старовойт мэдэгдлээ. Цохилтын улмаас дэд бүтцэд гэмтэл учирсан байна.
Энэ мэтчилэн хил дамнасан цохилтын тоо сүүлийн үед олширч байна. Тухайлбал, оны өмнөхөн арванхоёрдугаар сарын 30-нд Украин мөн л Белгород руу цохилт өгснөөр 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан. Мөн өнгөрсөн Пүрэв гаригт Белгород, Курск, Нижний Новгород мужууд, Баасан гаригт Воронеж хот цохилтод өртжээ.
Эх сурвалж: KIYV INDEPENDENT, THE NEW VOICE OF UKRAINE