Ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Украинд өрнөж буй дайнд нөлөөлнө гэж Эстонийн Жанжин штабаас мэдэгдэв. Эстонийн Батлан хамгаалахын жанжин штабын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Тармо Кундла” ОХУ-д удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль хоёр талын хүчин чармайлтад нөлөөлнө. Орос улс өчүүхэн боловч мэдэгдэхүйц тактикийн ялалтад хүрэхийг хичээсээр байна. Хариуд нь Украин цэргийн ажиллагаагаа Оросын дотоод бүс рүү түлхэж, чухал байг онож байна” гэж Эстонийн “ERR” олон нийтийн телевизид ярьжээ.
Украины хамгаалалт сайжирч, украинчууд Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул ОХУ-ын тактикийн даалгавар биелэгдээгүй хэвээр байгааг Кундла тэмдэглэв.
Украины ханган нийлүүлэх замууд хараахан таслаагүй байгаа ч Оросын цэргүүд Авдийвка фронтоор урагшилсан гэж Кундла тайлбарлахдаа, “Украины үүднээс нөхцөл байдал нэлээд эгзэгтэй байгаа ч байлдааны ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.
Запорожье, Херсон фронт дахь Оросын цэргийн ажиллагааны эрч хүч илүү дунд зэрэг байсан бөгөөд Орос ямар ч амжилтанд хүрч чадаагүй юм. Херсон мужийн зүүн эрэг дээрх Украины тулах цэгүүд ч мөн адил хэвээр байна.
Кундла “Ерөнхийдөө фронт дахь санаачлага Оросын Зэвсэгт хүчний гарт хэвээр байна. Тэд тийм ч их амжилтанд хүрээгүй ч жижиг өөрчлөлтүүд гарсан. Авдиевка дахь нөхцөл байдал харьцангуй эгзэгтэй байгаа ч Украины батлан хамгаалах байр суурь барьж байна” гэж Кундла хэлэв. Түүний бодлоор Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг сольсон нь ойрын хугацаанд фронтод ямар ч өөрчлөлт авчрахгүй.
Өмнө нь Их Британийн Батлан хамгаалахын тагнуулынхан ОХУ-д эзлэгдсэн Крым дахь Белбекийн нисэх онгоцны буудалд Украины хамгийн сүүлд хийсэн цохилт нь Оросын нисэх онгоцны боломжийг улам бүр таслан зогсоосон гэж тэмдэглэжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA