Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард, Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 80 сая ам.долларын татварын акт тавьсан байна. Энэ нь 276 тэрбум төгрөгтэй дүйнэ.
Энэ нь 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах юм байна.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс хууль тогтоомжид нийцүүлж, татвар хураамжаа төлж ирсэн гэдэг байр сууриа энэ удаагийн актад ч баримталж буй юм байна. Ер нь Оюу толгойн гэрээ анх зурагдсан үеийн болон дараа нь шинэчлэгдсэн хуулиудын зөрүүн дээр “Оюу толгой”-д татварын асуудал үүсдэг.
Үүний өмнө хоёр удаагийн татварын акт тавьж, компанийн зүгээс мөн төлөхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Улмаар актын асуудлаар арбитрын шүүхэд хандсан байдаг. Энэ арбитрын маргаан одоо ч нэг тийш шийдвэрлэгдээгүй байна.
Татварын актын маргаан яагаад үүсдэг талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо,
“Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчинтой холбоотой заалтуудыг хэрхэн тайлбарлаж, ойлгохыг эцэслэн шийдвэрлэхгүй бол маргаан цаашид ч үргэлжлэх нь тодорхой юм. Оюутолгой ХХК-ийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн өөрчлөлтөд гар бие оролцох чин хүсэлтэй, хүлэмжийн хий бууруулахад анхаарна гэж мэдэгдлийг хийдэг ч агаарын бохирдлын төлбөр болох 3 сая төгрөгийг ч төлөхгүй гэж маргадаг. Рио Тинто компанийн хувьд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомж бүхэлдээ тогтворжсон гэсэн байр суурийг баримталдаг. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын хувь хэмжээг тогтворжуулсан гэсэн манай байр сууриас эрс ялгаатай юм” хэмээн тайлбарлаж байв.