Пакистаны шүүх Ерөнхий сайд асан Имран Хан болон түүний эхнэр Бушра Биби нарыг Исламын шашинд нийцээгүй байдлаар гэрлэсэн гэж үзэн хоёуланд нь 7 жилийн хорих ял оноосон байна.
Тус шүүх Хан болон Биби нарын 2018 онд хийсэн хурим нь Исламын шашинд нийцээгүй, хууль бус зүйл гэж үзжээ. Шүүх хурал хийх болсон гомдлыг Бибигийн өмнөх нөхөр гаргасан аж.
Лалын шашны гэр бүлийн хуулиар бол эмэгтэйчүүд нөхрөө нас барсны дараа эсвэл салснаас хойш хэдэн сарын турш дахин гэрлэхийг хориглодог байна. Бибигийн өмнөх нөхөр түүнийг хориглосон хугацааг дуусаагүй байхад гэрлэсэн гэж гомдол гаргасан юм.
Сүүлийн хэдэн долоо хоногт Пакистаны шүүх Ханыг хэд хэдэн хэрэгт буруутай гэж үзэн ял оноосон. Тухайлбал өнгөрсөн мягмар гарагт /2024.01.30/ түүнд төрийн нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял өгсөн.
Үүнээс нэг өдрийн дараа буюу лхагва гарагт /2024.01.31/ Хан болон Бибид авлигын хэргээр 14 жилийн хорих ял оноосон юм. Дээрээс нь өнгөрсөн наймдугаар сард Пакистаны шүүх Ханд авлигын хэргээр гурван жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр шоронд хоригдож байхдаа нэмж 31 жилийн хорих ял сонсов.
Пакистанд ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2024.02.08/ парламентын сонгууль болно. Хан өөрийнх нь эсрэг үүсгэсэн бүх хэргийг улс төрийн чанартай гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters, Associated Press