Израилийн засгийн газар өөрсдийн эзэлсэн Баруун эрэг дэх суурин газруудад 3300 гаруй шинэ байшин барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. алестины гурван зэвсэгт этгээд Пүрэв гаригт Маале Адумим суурингийн ойролцоо машин руу гал нээснээр нэг израиль хүн амиа алдаж, таван хүн шархадсан. Энэ халдлагын дараа Израилийн Сангийн сайд, хэт барууны үзэлтэй тэмцэгч Безалел Смотрих шинэ суурьшлын төлөвлөгөөгөө зарласан юм.
Тэрбээр “Маале Адумим руу хийсэн ноцтой халдлагад аюулгүй байдлын шийдэмгий арга хэмжээнээс гадна шинэ суурьшлын төлөвлөгөөгөөр хариу барьж байна. Бидэнд учруулж буй аливаа хор хөнөөл нь илүү бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хүргэнэ гэдгийг мэдэж ав” гэжээ.
Шинэ суурьшлын хэлэлцүүлэгт ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нар оролцсон байна. Шийдвэрийн дагуу Кедар сууринд 300, Маале Адумимд 2350 шинэ байшин барих юм. Мөн Эфрат хотод өмнө нь батлагдсан байсан 700 орчим байшингийн барилгын ажлыг ахиулна.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилийн мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэв. АНУ-ын урт хугацааны бодлогын дагуу шинэ суурингууд нь тогтвортой энх тайвныг тогтооход сөрөг нөлөө үзүүлэх аж.
Израиль 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр Баруун эрэг, зүүн Иерусалим, Газын зурвасыг эзлэн авчээ. Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт халдлага үйлдсэнээс хойш Баруун эрэгт хүчирхийлэл улам бүр нэмэгдсээр байна.
Эх сурвалж: AP