Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Порт Моресби хотод сүүлийн хоёр өдөр олон нийтийг хамарсан үймээн самуун, дээрэм тонуул гарсны улмаас хамгийн цөөндөө 15 хүний амь үрэгджээ.
Энэ явдлын дараа онц байдал зарлаж, зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлж буйг тус улсын ерөнхий сайд Жэймс Марапе өчигдөр ард түмэндээ хандан мэдэгдсэн байна.
Лхагва гарагт Папуа Шинэ Гвиней улсын цагдаагийн албан хаагч нар өөрсдийн цалингийн таналтыг эсэргүүцэж, ажил хаясан юм.
Үүний улмаас Порт Моресби хотод эмх журам алдагдаж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэх, галдан шатаах явдал газар авсан байна.
“Хууль журмыг зөрчсөнөөр ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж үймээн дэгдээгчдэд анхааруулсан Марапе онц байдал 14 хоног үргэлжлэхийг дуулгажээ.
Нийслэл хотын төв эмнэлэгт найман хүн нас барсан бол тус улсын хоёр дахь том хот Лаед долоон хүн нас барсныг эрх баригчид мэдээлсэн байна.
Дээрэм тонуул хийгчдийн ихэнх нь цагдаа нарын ажил хаялтыг ашиглах гэсэн “олз хайгчид” байсан тухай нийслэлийн захиргааны төлөөлөгч мэдээлжээ.
Мөн цагдаа нараас оролцсон байж ч болзошгүй байгаа гэнэ.
Сүүлийн ээлжийн цалин нь 50 хүртэл хувиар ($100 хүртэл хэмжээгээр) хасагдсаныг эсэргүүцсэн цагдаа нар Лхагва гарагт парламентын ордны гадна жагсаж эхэлсэн юм.
Ерөнхий сайд Марапе үүнийг компьютерын алдаа байсан гэж тайлбарлаад дараа сарын цалин дээр засагдахыг амлажээ.
Гэвч түүний энэ амлалт цагдаа нарын эсэргүүцлийг бүрэн зогсоогоогүй юм.
Энэ үеэр сошиал сүлжээнд засгийн газар хүн амын орлогын албан татварыг нэмэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Порт Моресби дэх Хятад улсын элчин сайдын яам тус улсын хөрөнгө оруулалттай хэд хэдэн бизнес халдлагад өртөж, хоёр иргэн нь бэртсэн талаар засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсэн байна. АНУ-ын элчин сайдын яам бас байрных нь ойролцоо буудалцаан болсныг гэрчилжээ.
Олон жилийн турш инфляц, ажилгүйдэл Папуа Шинэ Гвинейн ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа. Тус улсын сөрөг хүчин эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч чадахгүй байгаа ерөнхий сайд Марапед итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалтыг ирэх сард зохион байгуулахаар товложээ.
Эх сурвалж: BBC