Польшийн Олецко хотод Украинаас ирсэн 155 дүрвэгчийн байрлаж буй зочид буудалд гал гарчээ. Гал түймэртэй тэмцэх албаны төлөөлөгчийн мэдээлснээр түймэр хоёрдугаар давхрын нэг өрөөнөөс эхэлж гарсан байна. Гал сөнөөгчид гидравлик өргөгч, галын шат ашиглан тагтнаас 28 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үлдсэн хүмүүс нь өөрсдөө ослын газрыг орхин явжээ.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд тогтооно гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Угаартсанаас болоод биеийн байдал муудсан дөрвөн хүн байна. Мөн өөр дөрвөн хүн хөнгөн шархадсан бөгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байгаа гэлээ.
Гал гарсны дараа зочид буудлыг хэсэгтээ ашиглах боломжгүй болсон тул украинчуудыг ойролцоох биеийн тамирын зааланд түр байрлуулжээ. Украины консулын төлөөлөгч удахгүй тэдэнтэй очиж уулзах аж. Мөн цаашид хааш нь нүүлгэн шилжүүлэх асуудлыг орон нутгийн удирдлагуудтай ярилцах юм.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA