ОХУ нь Хойд Солонгосоос авсан баллистик пуужинг Украинд ашиглаж буйг АНУ-ын тагнуулын албаныхан тогтоожээ. Тодруулбал, “Саяхан нууцын зэрэглэлээс гарсан тагнуулын мэдээгээр Хойд Солонгос нь Орост баллистик пуужин харвах төхөөрөмж болон хэд хэдэн баллистик пуужин өгсөн болохыг тогтоосон” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ. Мөн эдгээр пуужингийн дор хаяж нэгийг нь арванхоёрдугаар сарын 30-нд Украин руу харвасан гэж үзэж байна. Тэр пуужин нь Запорожье муж дахь задгай талбайд газарджээ.
Оросын пуужингийн цохилтуудад АНУ үнэлэлт дүгнэлт хийсээр байна. Энэ Мягмар гаригт л гэхэд Хойд Солонгосоос гаралтай хэд хэдэн баллистик пуужинг Орос харважээ. Пуужингууд нь ойролцоогоор 885 км тусгалтай.
Хойд Солонгос зэвсгийн дэмжлэгийнхээ хариуд Оросоос нисэх онгоц, газар-агаар ангиллын пуужин, хуягт машин, баллистик пуужин үйлдвэрлэх тоног төхөөрөмж болон бусад дэвшилтэт технологи хүсч байна.
Өмнөд Солонгосын тал ч бас Хойд Солонгосоос Орос руу зэвсэг нийлүүлсэн гэх таамаглалыг оны өмнө дэвшүүлсэн. Тодруулбал, винтов, пуужин харвагч, миномёт, сумнаас гадна тодорхойгүй тооны ойрын тусгалтай баллистик пуужин, танк эсэргүүцэх пуужин, агаараас эсэргүүцэн хамгаалах зөөврийн пуужин илгээсэн гэж Өмнөд Солонгос таамаглажээ.
ОХУ нь Хойд Солонгосоос гадна Иранаас мөн ойрын тусгалтай баллистик пуужин авахаар эрмэлзэж байна. “Иранаас ойрын тусгалтай баллистик пуужин авах Оросын хэлэлцээр идэвхтэй урагшилж байгаад АНУ санаа зовж байна” гэж Жон Кирби хэлжээ.
Эх сурвалж: AP