Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой 1072 хувьцаа болон түүнийг тойрсон асуудал сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Манай эдийн засгийн өнөөгийн нөхцөл ямар байна вэ гэх ерөнхий асуултаар ярилцлагаа эхэлье.
-Монгол Улс 2019 онд түүхэн дээд хэмжээгээрээ буюу 36 сая тонн нүүрс экспортолж байв. Харин өнгөрсөн жил 70 сая тонн нүүрс экспортолж түүхэн амжилтаа хоёр дахин давсан үзүүлэлттэй байлаа. Үүнтэй холбогдуулан төсөв давж биелэсэнг бахархалтайгаар ярьцгааж байна. Нэг хүнд ногдох ДНБ 5000 мянган ам.доллар гарч, мундаг гайхамшигтай байгааг Ерөнхий сайд зарлалаа. Энэ бүх том тоон үзүүлэлтүүд үнэн. Учир нь манай улсын эдийн засаг зэс, нүүрс гэх хоёрхон бүтээгдэхүүн дээр тулгуурладаг. Монгол Улс гадаадаас оруулж ирдэг 10 доллар тутмынхаа 8 долларыг нь зэс, нүүрсээрээ олдог. Энэ хоёр бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байх, их хэмжээгээр гаргасан тохиолдолд манай эдийн засаг боломжийн байх нь аргагүй.
Гэхдээ үүний цаана гоё сайхан бодлого огт байгаагүй. Зүгээр л нүүрс нь их хэмжээгээр өндөр үнэтэй үед гарч чадсан нь дээрх тоон үзүүлэлтүүд гарахад нөлөөллөө. Давтан хэлэхэд нүүрс экспортод бодлогын ямар ч арга авагдаагүй. Бодлоготой ямар ч холбоогүй.
-Тэгвэл нүүрс ихээр гарсны шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Гурван шалтгаан бий. Нэгд, БНХАУ-д маш халуун байсан учраас АС их ажиллуулсан. Тиймээс байгууллагууд нүүрсийг их хэмжээгээр авлаа. Хоёрт, гурван жил ковидтой холбоотой ажиллагаа сул байсан БНХАУ-ын эдийн засаг ковидын асуудлаа татан буулгасан. Улмаар бүх аж ахуйн нэгж ажиллагаанд орж нүүрсний эрэлт ихэссэн. Тиймээс гадаад улсуудаас авах нүүрснийхээ хэмжээг өсгөсөн. Гуравт, Хятадад байдаг манай улсын хилтэй ойрхон Өвөрмонгол дахь уурхайнуудад томоохон ослууд удаа дараа гарч, ажиллагаа нь доголдсон. Эл гурван шалтгаанаар манайхаас авах нүүрсний хэмжээ өссөн болохоос манайх бодлого явуулсны улмаар их нүүрс экспортолсон хэрэг огт биш.
Нөгөө талаас нүүрс дэлхийн зах зээл дээр 240-300 ам.доллар хүрсэн. Гэтэл бид 100-130 доллароор л борлууллаа. БНХАУ-д нийлүүлдгээсээ 2-3 дахин хямдаар нүүрсээ нийлүүлсэн. Их хэмжээтэй нийлүүлсэн учраас ерөнхий зургаараа өссөн мэт харагдаж байна.
-Энэ мөнгө улсад ирсэн ч иргэд, бизнес эрхлэгчдэд наалдаж чадав уу?
-Энэ сайхан өсөлт айл гэр рүү огт орсонгүй. Монгол Улсын иргэд туулийн ядуу байна. Өмнөх жилүүдээс иргэдийн зайлшгүй хэрэгцээтэй хүнс бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ 2-3 дахин өслөө. Гэтэл нийт 500 мянга гаруй хүний тэтгэвэр 2-3 дахин нэмэгдсэнгүй. 10 хувиар хоёр гурван удаа нэмлээ.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын инфляц гурван жил дараалан хоёр оронтой тоонд байсан нь төгрөг үнэгүйдэх шалтгаан болсон. Энэ нь иргэдийн ядуурах шалтгаан болсон гэж хэлж болно.
Мөн Аж ахуйн нэгжүүд туулийн хүнд байна. Ковидын 2022 оны жилийн эцсийн статистикийг харвал 100 мянга гаруй компани хаалгаа барьсан. Нэг компанийн цаана 2-3 хүн байж таарна. Тэгэхээр 300 мянга орчим хүн ажилгүй болсон гэж хамгийн багаар бодон тооцоолол хийж болно. Нэг талаас иргэд нь нэн ядуу байгаа юм байна. Нөгөө талаас ажилтай, орлоготой байгаа нэгжийн тоо буурч, ажилгүйдэл ихэсжээ. Энэ зэргээс харвал Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. Бид дефолтын ирмэгт байсан хэвээрээ байна. Ганцхан жилийн хугацаанд БНХАУ-аас хамааралтай нүүрс гаргачхаад сайн сайхан явж байна гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Ажилгүйдэл нэмэгдсэн, бизнесүүд хумигдсан, үнийн өсөлттэй хэвээрээ байна шүү дээ.
-Бид 10 гаруй жил молиго үмхээд, доромжлуулаад явж байгаа-
-Сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор 1072 хувьцаа сөхөгдсөн. Энэ хувьцааг амьгүй байлгаж байснаа сонгуулийн жилд хөдөлгөөнд оруулж буй дөрөв дэх тохиол болж байна. Эдгээрээс харахад хувьцаа бус улс төрийн санал авах хэрэгсэл мэт харагдаад байна л даа?
-Аль нэг компанийн хувьцааг эзэмшинэ гэдэг бол эд хөрөнгийг нь эзэмшиж буйн нэр. Бид 1072 хувьцаатай байгаа нь тус компанийн тодорхой хэмжээний хувийг эзэмшиж байгаа хэрэг. Үүнийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн хүмүүст олгож байсан. Гэсэн хэдий ч тогтмол ашгаа хүртээхгүй байна. Мөн хувьцаагаа авснаас хойш нас барсан иргэд бий. Тэдний хувьцаа нь өвлөгдөөгүй зэрэг асуудлууд байна.
Тэгэхээр энэ бол иргэдийг хууран мэхэлж, хошгоруулдаг сонгуулийн хэрэгсэл гэдэг нь илт байна. Энэ хувьцааны ногдол ашгийг өгөх асуудал сонгуулийн өмнө гарч ирдэг хэвээрээ байна. 10 гаруй жил бид хувьцаа эзэмшиж байгаа нэр зүүдэг ч зөвхөн сонгуулийн жилд тодорхой хэмжээний ам таглах ногдол ашгийг авч байна. Үүнийг хувьцаа гэж ярих нь туулийн буруу. Бид жил бүрийн ашгийг дараа жилд нь хүртэж байх учиртай.
Хувьцаа биш иргэдийг молигоддог загасны дэгээт өгөөш мэт хэрэгсэл шүү дээ. 2020 оны 15 мянга, 2021 оны 10 мянга, 2022 оны 110 мянга, 2023 оны 250 мянган төгрөгийн ногдол ашгийн 400 орчим мянган төгрөг өгч санал авах гээд байна. Бодит байдал дээрээ угаас ард түмний өмч байх учиртай. Гуйлгаад, эд нар хишиг тараагч мэт дүр зураг үүсэх ёсгүй. Хувьцаа эзэмшигч л юм чинь ногдол ашиг нь ороод явж байх ёстой. Бид 10 гаруй жил молиго үмхээд, доромжлуулаад байж болохгүй. Хоёрдугаар сарын 05-ны өдөр чуулган хуралдаж шийдвэр гараад иргэддээ тарааж өгөх юм шиг байна.
-Энэ хувьцаа анх гарахдаа ч сонгуулийн жилд гарсан байдаг шүү дээ?
-Түүхийг нь сөхье. 2004 оны сонгуулиар Ардчилсан нам хүүхэд бүрт 10 мянган төгрөг олгоно гэсэн байдаг. Харин МАН шинээр төрж байгаа хүүхдэд 100 мянга, гэр бүл болж гэрлэлтээ батлуулж буй залууст 500 мянган төгрөг олгохоо амлаж, санал авах хэрэгсэл болгосон. Тухайн үед мөнгө хэрэгтэй оюутнууд маш олноороо гэр бүлээ батлуулсан. Бодит байдал дээрээ гэрлэсэн хосууд хоёр өөр улсад эсвэл хоёр өөр аймагт амьдарч байдаг. Салалтын статистикийг “хөөргөх” үүсвэр ч гэж хэлж болно.
Монголын анхны Баялгийн сангийн хуулийг 2007 онд Монгол Улсыг хөгжүүлэх сан нэртэйгээр байгуулж байв. 2008 оны сонгуулийн өмнө сангаар дамжуулан мөнгө тарааж, мөн л санал авах хэрэгсэл болгон ашигласан. Тэр жилдээ буюу 2008 ондоо уг сангаа татан буулгасан. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам “Баялгийн хувь” гэж нэг сая төгрөг амлаж байв. МАН уг дүнг давахын тулд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөө амласан байдаг. Монгол Улсыг хөгжүүлэх сангаа татан буулгаад Хүний хөгжил санг үүсгэж, байгалийн баялгаас ирэх ашгийг тэнд цуглуулж байсан. 2011 онд 770 орчим тэрбум төгрөг, 2008 онд 800 гаруй тэрбум төгрөгтэй нийлээд 1.6 их наяд төгрөг /1 тэрбум 300 сая доллар/-ийг иргэдэд бэлнээр тараасан. Эл явдал Монгол Улсын эдийн засагт туулийн буруу нөлөөллөө үзүүлсэн. Монгол Улс өртэй болохын эхлэлийг энэ үед тавьсан байдаг. Бэлнээр 1.6 их наяд төгрөгийг 1.5 сая төгрөг болгон хүн бүр тараах гэтэл хүрэлцээгүй. Тэгмэгц 1072 хувьцааг гаргаж ирсэн. Сонгуулиар 1.5 сая төгрөгөө өгсөн гэх пайз зүүхийн тулд тус хувьцааг иргэн бүрт эзэмшүүлж эхэлсэн.
2012 оны гуравдугаар сард Сү.Батболд 600 сая долларын бонд босгож, иргэддээ тараасан байдаг. Дараа нь БНХАУ-ын төрийн өмчит компани болох “Чалко”-гоос 250 сая долларыг зээлж аваад иргэддээ тараасан. Ингэж Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх алхмыг С.Баярын Засгийн газрын үед тавьсан юм. 1072 хувьцаа явсаар байгаад 2016 онд Ардчилсан намынхан 300 мянган төгрөг өгч, мөнгөжүүлсэн. Энэ мэтчилэн сонгуулийн өмнө амь орж явсаар 2024 оны сонгууль болох дөхтөл 1072 хувьцааны мөнгийг өгөх асуудлыг ярьж байна. 2020, 2021, 2022, 2023 онд бүгдэд нь өгөх ёстой байтал сонгууль болох жилд л иргэддээ мөнгө өгөх ёстой гээд мөнгө өгье гээд байгаа.
-Ногдол ашигаар үйлдвэр барих боломжгүй. МАН чадахгүй-
-Байгалийн баялгийг иргэдэд хуваарилах нь зүй мэт боловч бэлэн мөнгө байдлаар өгөх нь хэр зохимжтой вэ?
-Байгалийн баялаг зөвхөн ЭТТ бус “Эрдэнэт” гэж уул уурхай зэсийн томоохон үйлдвэрийн газар байна. Үүнийг 100 хувь төр мэдэлдээ авчихсан байгаа. Энэ мэт байгалийн баялгийг иргэддээ эзэмшүүлж хуваарилах хэрэгтэй. Хуваарилахдаа бэлэн мөнгө өгөх юм бол хэдхэн сарын дотор инфляц хөөрч, бидний орлого үнэгүйдэх эрсдэлтэй.
Норвеги зэрэг байгалийн баялгаа зүй зохистой ашигласан улс бэлэн мөнгө тараадаггүй. Иргэдийн амьдралд хэрэгтэй эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд нь зориулдаг. Хэрэв Монголд бэлэн мөнгө тараавал Эрээний бизнес эрхлэгчдийг цалинжуулсан явдал болно. Ингэж БНХАУ-ын бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж болохгүй. Зөв бодлогоор явбал энэ алдааг засаж чадна.
МАН бол үүнийг угаас хэрэгжүүлж чадахгүй гэж харж байгаа. 400 орчим мянган төгрөг тараасны дараагаар “Байгалийн баялгийн сангийн тухай хууль” оруулж ирээд сая орчим төгрөг тараах байх гэсэн хар байна. Ингэж л унасан нэр хүнд, асар их хулгайн гэмт хэргээ нуун далдлахыг оролдоно. Энэ нь цаашдаа Монгол Улсыг банкрот болгох алхмыг хийж байгаа явдал. Хэрэв байгалийн баялгийг бэлэн мөнгө болгож тараавал шууд Шри-Ланкагийн араас дагаад дефолтоо зарлана. Тиймд бэлэн мөнгө тараахаас тэс өөр бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл байгалийн баялгийг ямар байдлаар иргэдэд тараах нь зүй вэ?
-Яг ний нуугүй яривал байгалийн баялгийг ард түмэнд тараах хоёр арга бий. Манай улс Норвеги, Кувейт, АНЭУ-уудтай адилхан байгалийн асар их баялагтай. Баялагтай улсуудад хөгжих боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Хэрвээ баялгийг зөвөөр ашиглаж чадахгүй бол иргэдийнхээ амьдралыг тоодоггүй Венесуэл, Нигер зэрэг улстай л ижилдэнэ.
Үүнийг байгалийн баялгийн хараал хүртсэн улс гэдэг. Бид байгалийн баялгийн хараалыг тэртээх 2007 оноос хүртээд явж байгаа. Хэрхэн зөв менежмент хийж, баялгаа зөв хуваарилах вэ гэдэг асуудалд анхаарах хэрэгтэй. 1072 хувьцааг тарааж байгаа нь ард түний амьдралыг боломжийн хэмжээнд авч ирэх арга биш гэдгийг ойлгох ёстой. Үүнийг шинэчлэх ямар арга байгаа талаар судлаачид хэлсээр л байна.
Байгалийн баялгийг хуваарилж байгаа байдал буруу. Үнэхээр ард түмэндээ бэлэн мөнгө өгөөд иргэдийн амьдрал сайжирдаг байсан бол 60-70 хувийн ядууралтай, дэлхийн банкны нэн ядуу ангилалд орохгүй, 100 мянга гаруй компани нь хаалгаа барихгүй байлаа.
-Ямар бодлого хэрэгжүүлбэл зохистой вэ. Зарим хүмүүс үйлдвэр барих хэрэгтэй гэдэг шүү дээ?
-Мөнгө авч байхаар том үйлдвэр барья гэж олон хүн ярьж байна. Үйлдвэрийг энэ нөхдүүд барьж чадахгүй. 2015 онд Газрын тосны үйлдвэртэй болох гээд Энэтхэгээс нэг тэрбум доллар авч улсынхаа хэрэгцээг хангадаг болно гэж хэлээд 10-аад жил болж байна. Бэлэн мөнгө байсан ч юу ч хийж чадаагүй. Тэр үйлдвэрт нь МАН халаасны хүмүүсээ томилоод Монгол Улсын гадаад өр зээлийг нэмсэн л явдал болж байна. Эд нар үйлдвэр барьж чадахгүй.
Байгалийн баялгаас олж байгаа мөнгийг иргэдээрээ дамжуулж, Норвеги, Кувейт шиг үр өгөөжтэй хуваарилах механизм хэрэгтэй. Монгол Улс 76 гишүүнээр дамжуулж байгалийн баялгийг улс орноо хөгжүүлэх тараах техникийг ажиллуулснаар үр дүнгүй хамраараа газар хатгаад байна.
Байгалийн баялгийг зөв хуваарилдаг улсууд бэлэн мөнгө тараадаггүй. Яг боловсрол, эрүүл мэндийнх нь салбарт оруулж байна. Тэтгэвэрт гарсных нь дараа сангаасаа тодорхой хэмжээний мөнгө олгох зэргээр асуудлыг шийдэж байна.
-Хувьцааны ногдол ашгийг онцгой тохиолдолд авч хэрэглэдэг байдлаар шийдэж болно-
-Шийдэл нь бэлэн мөнгө тараах, үйлдвэр барихын аль нь ч биш. Харин салбаруудад хөрөнгө оруулах гэж та хэлээд байна уу?
-Би хоёр картын бодлого гэх зүйлийг ярьдаг. Энэ нь хоёр картад мөнгө хийчихнэ. Зөв жишигтэй улс иргэнийхээ нэр дээр мөнгө хийдэг. Түүнээс биш “Баялгийн сан” гэж хуримтлуулаад УИХ-ын гишүүд нь хаашаа хуваарилахыг шийддэг байхыг хэлэхгүй. Иргэдийн нэртэй дансанд тэр мөнгө орсон ч мөнгө болгон авах боломжгүй, тэтгэвэртээ гарахдаа хэрэглэж болно. Эсвэл хүндээр өвдөж мэс засал хийлгэх, шинэ байр худалдан авах зэрэгт оруулж болдог байдлаар шийдэх хэрэгтэй.
Бидний нэр дээр байгаа мөнгөнд буюу угаас миний эзэмшил болчихсон 1072 хувьцааг 76 гишүүн сонгуулийн хэрэгсэл болгож, гараа дүрэхгүй байвал улс хурдан хөгжинө. Ипотекээр байрны зээлд орууллаа гэхэд бүтээн байгуулалт хийж байгаа тэр компаниудад тэр цоожтой дансан дахь мөнгө хөрөнгө оруулалт болж орно. Аль болох л тэр мөнгөөр аливаа бараа бүтээгдэхүүн худалдаж авч болохгүй байх чиглэл рүү алхах хэрэгтэй. Ийм системийг хэрэгжүүлж чадвал Норвеги, Кувейт шиг болох амархан.
-Ногдол ашгийг харахаар сонгуулийн өмнөх жилд л ашигтай ажилласан байна. Сонгууль хол жилүүдэд бараг иргэдэд тараахуйц хэмжээний ашиг хийгээгүй байгаа юм. Энэ сонгуулийн жилээс хол жилүүдэд ашигтай ажиллах боломж байсан уу?
-Ашигтай ажилласан ч тараах сонирхолгүй байлаа. Энэ мөнгөөр төмөр зам бариад огтлолцлын цэггүй юм хийсэн. Мөн гэр хорооллын шахмал түлшний хэрэглээнд их наядаар хэмжигдэх мөнгийг нийлүүлсэн. Үйлдвэр барих хэрэгтэй гэж эрх баригчдыг хөөргөж болохгүй. Эд нарт барьсан үйлдвэр алга. Тараадаг схемийг хөгжилтэй оронтой адилхан болговол улс төрч нэртэй бизнесменүүд төрийн суудлаас худлаа ярьж суух шаардлагагүй болно. Улс орныг судлаачид авч явдаг болохоос бизнесменүүд авч явдаггүй. Хамгийн сайн бизнес эрхлэгч ч улсыг авч явдаггүй. Тэд халаасаа л болно. Өрөө орлогоо олоод явдаг. Харин төр ажлаа хийж байгаа бизнес эрхлэгчдээ торгоод, татвараар дарамтлаад байлгүй үйл ажиллагаагаа тогтмол авч явахад нь дэм болж, хөнгөлөлттэй зээл зэргийг олгох ёстой. Дэмжиж ажиллах ёстой болохоос урдуур нь орж юмыг хийдэггүй юм.
-Нэг их наяд төгрөгийн төсвийн зарлага гарах бүрт инфляц 6-12 сарын дотор нэг хувь нэмэгддэг гэж Монголбанк анхааруулаад байгаа. 1072 хувьцаанаас энэ онд гэхэд л 2.7 их наяд төгрөг тарааж инфляцыг гурван хувиар өсгөж мэдэхүйц дүр зураг харагдаж байна?
-Нэг их наяд тутамд зургаан сарын дотор 1-2 хувь гэж Монголбанкнаас гаргасан. Гэвч үүнийг бодитой зүй тогтол гэж хэлж болохгүй ч ерөнхий үр дүн нь үнэн. Мөнгө тараах тусам инфляц өснө.
2019 онд Мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Зээлгүй байсан ахмадуудад сая төгрөг тараалаа. Тэглээ гээд ахмадуудын зээл шийдэгдээгүй. Үнэ нь хоёр дахин нэмэгдсэн. Зээлээ тэглүүлсэн улсууд авдаг зээлээ ахиад л авсан. Бэлэн мөнгө тараана гэдэг эдийн засгаа сүйрүүлэх алхам байдаг. Зөвхөн 1072 хувьцаа гэхгүй дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, тэтгэврийн хэмжээг нэмэхээр байна. Ингэхээр инфляц өсөж, юмны үнэ илүү ихэснэ. Ямар ч асуудлыг шийдэхгүй улам хүнд нөхцөл рүү түрээд байна. 2025 онд аюул болгох гээд байна.
-Ярилцлагын төгсгөлд “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Уг хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Бидэнд үнэхээр шинэчлэх шаардлага бий юү?
-Хөрөнгө оруулалт гэдэг бол гадаадын компани орж ирээд дотоодод үйл ажиллагаа явуулах процесс байдаг. Монголд ямар ч компани орж ирээд үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаа явуулах хөрс нь байхгүй. Түрүүн хэлснээр 2022 онд 100 мянган компани дампуурсан. Гадаадын ямар ч тэнэг компани монголд дампуурахаар орж ирэхгүй. Хоёрт, мөнгөнийх нь ханш үргэлж суларч байдаг. Хуулиараа монгол төгрөгөөр бүх бараа үйлчилгээг хийнэ гэсэн байдаг. Бизнес эрхлэх гэж байгаа компани валютаа монгол төгрөг болгоод явах уу. Тэгж жилд 20 хувиар валютаа үнэгүйдүүлж байдаг тийм ухаан муутай хөрөнгө оруулагч байхгүй. Инфляц нь ийм өндөр. Хөрөнгө оруулагчид бодно шүү дээ. Мөнгөө солиулаад үйл ажиллагаагаа явуулаагүй байхдаа мөнгө нь үнэгүйдэхийг харна. Хөрсөн дээр суусан зүйлээ хийж чадаагүй байж хоёр хүний бие бие рүүгээ дайрсан улт төр болсон. Манай улс энэ янзаараа байвал үргэлж элгээрээ хэвтсэн дорой ядуу хэвээрээ байна. Ерөнхийлөгч байсан хүн Эдийн засгийн сайд хоёр хоорондоо маргаж, ард түмнийг хоёр хуваах ямар шаардлага байгаа юм бэ. Гадаадынх нь байтугай дотоодынх нь ААН дампуурдаггүй хөрсийг бий болгох хэрэгтэй. Инфляц нь тогтмол байдаг, мөнгө нь чанга байдаг хөрстэй байх хэрэгтэй. Түүнийхээ дараа хууль оруулж ирэхэд асуудалгүй баталчхаж болно.
3.5 сая хүндээ байгалийн баялгаас олдож байгаа ашгаа дотооддоо тараах механизм ажиллах юм бол хуультай хуульгүй гадаадын хөрөнгө оруулагчид асгараад ороод ирнэ. Бидэнд шиг авлигалыг их наядаар нь ярьдаг улсад гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Одоо орж ирж байгаа хөрөнгө оруулагчид бол хурдхан таван цаас хийчхээд бушуу гарах сонирхолтой. Гадаадын хөрөнгө оруулагчдын 80-90 хувь нь уул уурхайн салбарт байна. Боломжтой нөхцөл байдлыг бий болгосны араас хууль ярьдаг. Тиймээс тэр хууль энэ тэрийг ярих болоогүй, хэрэггүй.
-Ярилцсанд баярлалаа.