Япон улс өвлийн олимпын наадам зохион байгуулах хүсэлтийнхээ хугацааг 2034 онд болгон дөрвөн жилээр хойшлуулж магадгүй гэж тус улсын Олимпын хорооны тэргүүн Ясүхиро Ямашита мэдэгджээ.
Японы хойд нутгийн Саппоро хот 2030 оны олимпыг зохион байгуулахыг зорьж байсан боловч Я.Ямашита, “хүмүүсийн итгэлийг эргүүлэн олж авахгүйгээр төлөвлөгөөг урагшлуулан хэрэгжүүлэхэд хүндрэлтэй” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Цар тахлын улмаас 2021 онд болж хойшлогдсон Токиогийн зуны олимпын үеэр авлига авсан, тендер будлиантуулсан байж болзошгүй хэргийг прокурорууд шалгаж байгаа энэ үед тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.
Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Я.Ямашита олимпыг зохион байгуулах хүсэлтийн талаар өнгөрсөн ням гарагт улиран сонгогдсон Саппоро хотын захирагчтай хэлэлцэх ажээ. Я.Ямашитагийн хэлснээр, уулзалтын үеэр олимпыг 2030 онд бус 2034 онд зохион байгуулах хүсэлт гаргах талаар хэлэлцэнэ.
“Jiji” агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр хотын даргын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын дийлэнх олонх нь Саппород олимп зохион байгуулахыг эсэргүүцэж байгааг олж тогтоожээ. Тодруулбал, сонгогчдын 53 хувь нь олимпыг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол 27 хувь нь дэмжиж, 20 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна.
Саппоро хотын зүгээс олимпыг зохион байгуулах талаар бүх нийтийн санал хураалт явуулахгүй гэдгээ хэдийнээ мэдэгджээ. Гэхдээ өнгөрсөн 12 дугаар сард олимп зохион байгуулахыг идэвхтэй сурталчлахаа зогсоож, олон нийтийн санаа бодлыг судлахын тулд орон даяар санал асуулга явуулна гэдгээ зарласан байна.
2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан АНУ-ын Солт-Лейк хот мөн 2034 оны олимпыг зохион байгуулахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Харин энэ оны хоёрдугаар сард Швед улс 2030 оны олимпыг зохион байгуулах боломжийг судлахаар болсон талаараа мэдэгдсэн билээ.