Исламын шашны хатуу дэг жаягтай нийгмээ алгуур либералчилж буй Саудын Араб улсад 70 гаруй жилийн дараа согтууруулах ундаа зардаг анхны дэлгүүр нээгдсэн тухай дипломат эх сурвалж Лхагва гарагт мэдээлжээ.
Гэхдээ нийслэл Рияад хотод нээгдсэн уг дэлгүүр тус улсад ажилладаг гадаадын муслим бус дипломат албаны төлөөлөгчдөд зөвхөн үйлчлэх юм байна.
Дэлхийн томоохон нисэх буудлуудын татваргүй дэлгүүрүүдийг санагдуулам энэ дэлгүүрт хэд хэдэн төрлийн архи, дарс, хоёр төрлийн шар айраг зарж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Үйлчлүүлэгч дипломат албаны бичиг баримтаа шалгуулж, дэлгүүрт байх хугацаандаа гар утсаа тусгай саванд хадгалуулах журамтай юм байна.
Өмнө нь Саудын Арабт суугаа гадаадын дипломатууд зөвхөн дотоод хэрэгцээндээ зориулах архи дарсыг тусгай импортын шугамаар захиалж авдаг байжээ.
Ийм шугамаар авах эрхгүй бол хууль бус худалдааны замаар олж авах, эсвэл гэртээ согтууруулах ундаа үйлдвэрлэх хоёрхон арга байсан байна.
Гэхдээ ингэж байгаад баригдсан тохиолдолд шоронд хоригдох, их хэмжээний торгууль төлөх, олон нийтийн өмнө ташуурдуулах, тус улсаас хөөгдөх зэрэг хатуу шийтгэлтэй байжээ.
Согтууруулах ундаа хэрэглэхийг Исламын шашинд хатуу хориглодог. Саудын Арабаас гадна хөрш Кувейт улс, Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хот зэрэг хэдхэн газарт архины хэрэглээг хориглодог.
Саудын Араб улсын хувьд 1950-аад оноос эхлэн хоригложээ.
1951 онд хунтайж Мишари согтсон үедээ Жедда хотод Британийн дэд консул Сирил Аутсмэнийг буудаж хороосны дараа тухайн үеийн хаан Абдулазиз уг хоригийг тогтоож байсан юм.
1979 онд Иранд гарсан Исламын хувьсгал болон Мекка дахь ариун сүмд гарсан зэвсэгт халдлагын дараа Саудын Арабын эрх баригчид Исламын шашны хэт хуучинсаг номлол болох Ваххабизмийг улам бүр баримтлах болжээ.
Ингэснээр олон нийтийн газарт хүмүүсийг хүйсээр нь тусгаарлах, эмэгтэйчүүдийн жолооны эрхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм.
Харин сүүлийн жилүүдэд хаан Салман, түүний хүү, угсаа залгамжлах хунтайж Мохаммед нарын шинэчлэлийн бодлогын хүрээнд кинотеатрууд нээгдэж, эмэгтэйчүүд автомашин жолоодох болж, хөгжмийн наадмууд зохион байгуулагддаг болоод байна.
Гэхдээ улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, эрх баригчдын бодлогыг шүүмжлэх хатуу хориотой хэвээр байгаа.
Саудын Арабын эрх баригчид одоо $500 тэрбумын өртгөөр Неом нэртэй ирээдүйн хотыг байгуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь газрын тосноос хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой холбоотой.
Уг хотын амралт зугаалгын бүсэд согтууруулах ундааны хэрэглээг зөвшөөрч магадгүй тухай яригдаж байгаа. Гэхдээ энэ нь маш эмзэг сэдэвт тооцогдсон хэвээр байна. 2022 онд нэгэн албаны хүн архи, согтууруулах ундааны хэрэглээг зөвшөөрөх тухай ярьсныхаа дараа Неом хотын төслөөс хасагдаж байжээ.
Эх сурвалж: Reuters