“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Уг судалгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ)-ны санаачилгаар Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) хамтран Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага(ДЭМБ), НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн ба манай улсад өмнө нь 2010, 2013 онуудад хийгдэж байжээ.
Судалгаагаар ерөнхий боловсролын сургууль(ЕБС)-ийн суралцагч, хот хөдөөгийн 13-17 насны хүүхдүүдийн дунд тулгарч байгаа гол асуудлуудыг харуулахыг зорьдог байна.
Судалгааны зарим үр дүнгээс дурдахад,
“Анги танхим хүрэлцээгүйгээс хот, хөдөөгүй хүүхдүүд хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна”
Хамрагдсан хүүхдүүдийн 58.9 хувь нь хичээлээс гадуурх хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан бол үлдсэн 41 хувь нь хамрагдаагүй байна. Энэ нь хот хөдөөгийн хувьд ялгаа байхгүйг илтгэж байгаа юм. Үүнийг хүүхдүүд хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагаа явуулах анги танхимын хомсдолтой байдлаас болоод хөгжлийн үйл ажиллагаа сургуулийн орчинд явагдахгүй байна хэмээн тайлбарласан байна.
Нийт хүүхдийн 63.3 хувь нь цахим сүлжээнээс мэдээллээ авч байна.
Зуны амралтаараа хүүхдүүдийн 35.6 хувь нь гэртээ дуртай зүйлээ хийж амардаг гэж хариулсан бол 23.6 хувь нь хөдөө цагаан идээ, мал маллах ажилд тусалж амардаг гэжээ. 4.7 хувь нь хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг бол 4.6 хувь нь гэр бүлийнхээ бизнест тусалдаг гэж хариулжээ.
Сүүлийн долоо хоногт хэнтэйгээ амьдарсан бэ гэх асуултад хотын хүүхдүүдийн 62.9 нь, хөдөөгийн хүүхдүүдийн 42.4 хувь нь гэр бүлтэйгээ амьдарсан гэж хариулжээ. Мөн ганцаараа амьдарсан гэх тоо ч гарсан байна.
“Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар анхан шатанд ажиллах хамтарсан багийн талаар хүүхдүүд мэдэхгүй байна”
Бие махбодын шийтгэл хэрэглэх нь зүйтэй юу гэх асуулгад судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 33 хувь нь, охидын 19 хувь нь бие махбодын шийтгэлийг хэрэглэж болно гэж хариулсан байна. Хотын хүүхдүүдээс хөдөөгийн хүүхдүүд энэ асуулгатай илүү санал нийлжээ. Хүүхдүүд хүртэл энэ асуудлыг байж болох зүйл гэж үзэж байгаа нь санаа зовоосон асуудал гэдгийг судалгааны багийнхан онцлов.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар сонсоод найздаа яаж туслах вэ гэсэн асуулгад хүүхдүүдийн 33.7 хувь нь ээж аавдаа хэлэхийг зөвлөнө, 27.8 хувь нь нийгмийн ажилтантайгаа уулзахыг зөвлөнө гэж хариулсан бол хамгийн бага буюу 0.7 хувь нь сум, хорооны хамтарсан багтаа хандахыг зөвлөнө гэж хариулжээ. Иймд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар анхан шатанд ажиллах хамтарсан багийн талаар хүүхдүүд ойлголт, мэдээлэл бага байна гэж дүгнэжээ.