Сэлбэ голд халиа дошин ихээр үүсч хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа. Тэгвэл энэ асуудлаар Хотын ерөнхий менежер дараах мэдээллийг өглөө.
Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:
-Хөрсний усаа Сэлбэд цутгаж, халиаг нэмсэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцсон. Намраас хойш Сэлбэ гол руу хөрсний усаа аж ахуй нэгжүүд хийж байна гэх гомдол, санал иргэдээс их ирсэн. Тэдгээр компаниудыг Экологийн цагдаагаас шалгаж, Зөрчлийн хуулиар торгож байгаа. Нийлүүлсэн усны хэмжээгээр улсад торгууль төлсөн.
Гэхдээ аж ахуй нэгжүүд хөрсний ус нийлүүлээд л Сэлбэд халиа үүсээгүй.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гээд олон зүйл нөлөөлж байгаа.
Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Гэвч өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсч байна.
Ямартай ч Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан.