Энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Сөүл хот үүрээр жолоочгүй автобус үйлчилгээнд гарах болсон байна. Сөүл хотын захиргаа ням гарагт /2024.01.21/ мэдэгдэл хийхдээ энэ үйлчилгээ нь эрт зорчиж буй хүмүүсийн тав тухыг нэмэгдүүлнэ гэжээ.
Тус хотод нийтийн тээврийн автобусны хөдөлгөөн үүрийн 04:00 минутад эхэлдэг бол жолоочгүй автобус 03:30 минутад үйлчилгээнд гарах юм. Сөүл хот өнгөрсөн арван хоёрдугаар сарын 5-наас эхлэн шөнийн цагаар үйлчилгээ үзүүлэх жолоочгүй автобусыг хэрэглээнд оруулсан билээ.
Үүрээр үйлчилгээгээ эхлүүлэх жолоочгүй автобус нь өглөө эрт ажилдаа явдаг хүмүүсийн унааны хэрэгцээг хангах зорилготой байна. Сөүл хотын тээврийн албаны дарга Юн Жон Жан “Эртэч иргэдийг дэмжих тээврийн бодлогыг энэ жил ч гэсэн хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Korea Times