Удирдах албан тушаалтан “Б”-н хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, удирдах албан тушаалтан “Б” нь албаны чиг үүргийн дагуу харилцаж, сонгон шалгаруулалт явуулсан аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авч өмчилсөн ба уг хөрөнгийг түрээслүүлсэн орлогоо бусдын нэр дээрх дансаар хүлээн авч, өөрөө ашигласан байна.
Хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэйгээр автомашин өмчилсөн ч тэр нь тухайн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан үнэлгээтэй, эх үүсвэр нь хууль ёсны орлогоор нотлогдоогүй. Мөн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг, уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан, хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоосон тул “Б”-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.