“Тоёота Мотор” корпораци алсын хараагаа зарлахаас ердөө нэг хоногийн өмнө буюу Даваа гаригт компанийн гүйцэтгэх захирал Кожи Сато алдаатай туршилтуудын төлөө үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид, дилерүүдээс уучлалт гуйлаа. Стандартын шаардлага хангаагүй дизель хөдөлгүүрүүдийн гэрчилгээжүүлэлтийн туршилт болон сорьцын дүнг хуурамчаар гаргасан асуудалд “Hino Motors”, “Daihatsu”, “Toyota Industries” гэсэн гурван охин компани нь холбогджээ.
Даваа гаригийн орой яаравчлан зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Кожи Сато “Үйлдвэрлээ аль болох хурдан сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж мэдэгдсэн байна.
Мөн удирдлагууд бодит байдал дээр юу болж байгааг бүрэн ойлгож, нарийн хянах боломжгүй байсан гэжээ. Өнгөрсөн онд тус компани 11.2 сая автомашин борлуулсан. Гэтэл сүүлийн үеийн дуулиан шуугианууд ичгэвтэр байгааг мөн Кожи Сато хэлжээ. Эрэлт сэргэж, чипний хомсдол багассантай холбоотойгоор “Тоёота” компани дөрөв дэх жилдээ хамгийн өндөр борлуулалттай автомашин үйлдвэрлэгчийн байр сууриа алдаагүй явна. Энэ бол салбарын хэмжээнд дээд амжилт юм.
Хөдөлгүүрийн хуурамч туршилтын асуудал Япон, Европ, Ойрхи Дорнод, Африк, Азид нийлүүлсэн 36 мянга гаруй тээврийн хэрэгсэлд нөлөөлж байна. Машины маркийн хувьд “Land Cruiser” болон “Hilux” спорт загварууд ажээ.
Эх сурвалж: BUSINESS STANDARD