Гуравдугаар сарын 10-нд зохион байгуулагдсан “Орон сууц захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаж буй асуудал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн хүрээнд иргэд УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.
Үндсэн Хуульд заасны дагуу иргэдийнхээ өмнө хууль зүйн баталгаа гаргах үүргээ биелүүлэх шаардлагыг иргэд тавьсан тул УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан ажлын хэсэг байгуулж өгөхийг уг шаардлагад дурдсан аж. Тус шаардлагыг “Эерэг ирээдүйн давлагаа”, “Орон сууц захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалах эвлэл”, “Цагаан хаалга” цогцолбор хотхонд байр захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон бусад 30 гаруй орон сууц захиалагчид нэгдсэн аж.
Иргэдийг хохироож буй гол шалтгаан нь орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйд оршиж байна гэж хэлэлцүүлэг зохион байгуулагчид үзэж буй тул шаардлагадаа энэ талаар тусгажээ.
Энэ талаар иргэд “Байр захиалж буй гэрээг тухайн дүүрэг, орон нутагт урьдчилсан байдлаар бүртгэдэг болгочихвол нэг гэрээгээр 10-20 удаа залилдаг, банк, банк бус байгууллагад давхардуулдаг асуудал байхгүй болно.
Үүнээс болоод гэр бүл салж байна, иргэд амиа хорлох оролдлого хийдэг. Сэтгэл санааны хохирлын талаар ярихад ч хүнд. Зарим хүн шүүхээр яваад мөнгө төлсөн нь үнэн тул буцааж авах шийдвэр нь гардаг ч биелэлт нь сул.
Мөн иргэдийн шаардлагыг их хурлын дарга өөрөө гарч ирж авах ёстой байсан. Энэ иргэдийнхээ санал гомдлыг Төрийн ордондоо хүлээн авахад яагаад болохгүй байгаа юм бэ. Бид бол цагаач иргэд биш, бид бүрэн эрхтэй Монгол Улсын иргэд. Гэтэл бидний шаардлагыг өгнө гээд гаднаас нь аваад ордог, шийдэл нь харагддаггүй” гэж ярьсан юм.