-ТӨХК, ТӨҮГ-ууд16 их наядын өртэй ч, захирлууд нь 5-40 сая төгрөгөөр цалинждаг-
ТӨХК-иудын 2022 оны байдлаар 16 их наяд төгрөгийн өртэй. 2023 оны эцсийн тайлан 2024 оны гуравдугаар сарын 11-нд гарна.
Төрийн өмчит компаниудын жилд олж буй нийт ашиг 2.1 их наяд төгрөг. Үүний 1.9 их наядыг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс Тавантолгой” компаниуд оруулдаг. Төрийн өмчит 98 компанийн 53 нь буюу талаас илүү нь алдагдалтай ажилладаг.
Атлаа ТӨХК, ТӨҮГ-ын захирлуудын цалин хангамж, хамгийн өндөр, дунджаар 5-40 орчим сая төгрөгөөр цалинждаг. 2022 оны үес гэхэд л,
- “Монголросцветмет”-ийн Гүйцэтгэх захирал нь урамшлуулал, нэмэлттэйгээ 38.2 сая төгрөг
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал байхдаа Х.Бадамсүрэн 49 сая төгрөг,
- Тус үйлдвэрийн орлогч захирлууд 28-12 сая төгрөг,
- “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхдаа Б.Ганхуяг 28 сая төгрөгийн цалин авдаг байв.
Компани нь алдагдалтай, өртэй байхад захирал нь асар өндөр хангамжтай суудаг гаж тогтолцоо ТӨХК-иудад тогтоод удав.
-Удирдлагын хямрал: Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Хотын даргын нарын Б.Цэнгэлээр дамжуулсан албан тушаалын шахаа, өмч эзэгнэх сонирхлууд
Гэтэл ТӨХК болон ТӨҮГ-ын захирлуудыг улстөрийн өндөр нөлөөгөөр томилсноос үүдэж мэргэжлийн гажуудал үүсч, асуудлууд гарсаар. Ерөнхийдөө улс төрд бэлдэж байгаа болон улс төрөөс зодог тайлагсдад шагнал болгож олгодог болчихсон. Удирдлагуудын чадамжгүй, мэргэжлийн бус байдал наанадаж компаниа унагаж, цаанадаж авлига, цус ойртолт, шамшигдуулалтаар ашиггүй ажиллагаанд хүргэсээр байна.
Уг нь ТӨБЗГ хяналт тавих үүрэгтэй. ТӨБЗГ нь төрийн өмчийн байгууллагуудыг удирдлагаар хангах, хөрөнгүүдийг захиран зарцуулах, дарга нь өмчийн баланс дээрх бүх хөрөнгүүдээ, тоолох бүртгэлжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй субьект. Үндсэндээ сайдаас том эрх мэдэлтэй, хамаг өмчүүдээ баздаг “чка” статус. Иймд ТӨБЗГ-ын даргын томилгоог ялсан нам хийж ирсэн.
ТӨБЗГ-ын 2020 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз Б.Цэнгэл удирдлаа. “Няхуур, түшигтэй хүн” гэж улстөрийн хүрээнд яригдсан ч, албан тушаал ахиж ирсэн зам мөр, хувийнхаа ажил амжуулдаг овжин байдал сэлтээрээ тодров.
Тэр Ерөнхийлөгчийн нэг найз Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т, нөгөө найз Х.Хэрлэнг УБТЗ дээр “тавьсан”. Мөн “Цемент шохой үйлдвэр” ТӨХК-нд Л.Наранбаатарыг аваачиж, түүгээр дамжуулан өөрөө албан тушаалын шахаа хийсэн нь ил болсон. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ийг ч төр хувьдаа авсанаас хойш дарга тогтдоггүй, ажиллагаа нь жигдэрдэггүй байгууллага болж хувираад байна. Данагар бүтэцтэй бодлогын өчнөөн асуудалтай “Эрдэнэс Монгол” ХХК-ийг ч уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүнээр удирдуулсангүй.
ТӨБЗГ-ын даргаар дамжуулаг улстөрийн нөлөө бүхий этгээдүүд ерөөс өмч эзэгнэх сонирхол явагддаг. Өмч эзэгнэх сонирхол пирамид хэлбэрт хувирахаараа улстөрчдийн нөлөө бүхий томилгоонууд болон хувирдаг. Сайд нар өөртөө өмч авах, яамдууд ТУЗ-өөр дамжуулан төрийн өмчүүд дэх нөлөөгөө өндөрсгөх гэж үздэг. Тухайлбал, “ДЦС-4” ТӨХК-нд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгддэг С.Анхбаяр томилогдсон ч, менежер хийхээсээ илүү Увсынхнаар дүүргэчихсэн. Одоо эрчим хүчний салбарт ажиллах мэргэшсэн боловсон хүчний хомсдол ортлоо доройтов. Д.Сумъяабазар сайд байхдаа ЗГХЭГ-ын харъяанд байсан “Эрдэнэс Монгол”-ыг УУХҮ-ийн яам руу авчхаж байсан гээд дурдаж болно.
-Гэрэл гэгээ бий юу: МИАТ ТӨХК, ЭТТ ХК, “Тавантолгой түлш” ХХК менежментийн хувьд бусдаасаа арай дээрдэв
Тиймээс төрийн өмчит компанид яг ажиллаад босгоод ирдэг, технократ хүмүүс асар их хэрэгтэй байдаг.
Б.Ганхуягаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг Ж.Ганбат залгамжлан авсан. “Хэнтийнх тул дарга сэтрээс буудаггүй” гэх муу нэртэй ч, ЭТТ ХК-ийг цэгцлэх гэж үзэж яваа. Түүнийг 2022 оны аравдугаар сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Ажлаа авахад 4.3 их наядын өртэй байсан компани, 2023 онд 2.7 их наяд төгрөгийг татварт төвлөрүүлэн төсвийн орлого давж биелэв. Нэмээд 2022 оны ногдол ашиг тарааж, ирэх сард 2023 оныхыг хүртээх гэж байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийг “томчуудын найз” М.Ганбаатарыг удирдаж байхад, ажлууд нь хүчээр шахуу явж байсан үе бий. Түүний дараа “Эрдэнэт үйлдвэр”-т аж ахуй удирдаж явсан Ц.Даваацэрэн ирснээрээ нэг үйлдвэрийг татан буулгах замаар стандарт руу хөтлөх менеж хийж эхэлсэн. Инженер суурьтай хүн үйлдвэрийг үйлдвэр шиг болгохын тулд хэд хэдэн шинэчлэл хийж буй аж. Хүний гар ажиллагааг багасгаж, үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг болоод үргүй зардал багасах, үр ашигтай ажиллаагааны эерэг нөлөө гарах юм. Түүнчлэн түүхий эдээ автомашинаар зөөдөг байсныг төмөр замаар тээвэрлэдэг болгосон гэхчлэн чухал эргэлтүүд хийжээ.
МИАТ ер нь хувийн хэвшлийн монополи эздүүдийн ч, том улс төрчдийн ч хүслээ биелүүлдэг хэрэгсэл болсоор ирсэн. Жишээ нь, 2007 оны үес ТӨХ-ны даргаар Д.Сугар ажиллаж байхдаа МИАТ ТӨХК-иас “Дайны эрсдлийн сан”-гийн нэрээр 700 сая ам.доллар гадагш шилжүүлсэн хэрэг гарч байв. Цар тахлын улмаас МИАТ ТӨХК түүхэнд байгаагүй алдагдалд орж дампуурлаа зарлахдаа тулж байсан ч, өнгөрсөн жил ашигтай ажиллаж босож чадсан. Хамгийн том шалтгаануудын нэг нь шатахуунаа хэт өндөр үнээр шахаж, олон тэрбумын нугалаа гаргадаг Ц.Анандбазарыг монополоос гарсан явдал. Өдгөө татварын өмнө 93 тэрбум, татварын дараа 60 гаруй тэрбумын ашигтай ажиллачихаад сууж байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд элдэв шахаа, урсгал зардлын хөөсрөл, цавчаа, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хэтийдсэнээс байнгын алдагдалтай ажилладаг байдлыг багасгахгүй бол үр дүн гарахгүй. Удирдлагын горим алдагдуулснаас үүдэж, мөнгөний зарцуулалт тодорхой бус, авлигын индекст хүртэл нөлөөлж буй. Төрийн өмчит компани бүрд босгоод ирдэг мэргэжлийн удирдлага хэрэгтэй байна. Төсвийн бус мөнгөн урсгал дээр мэргэжлийн хүмүүсээ тавьдаг болъё. Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудаа төр анхаарах цаг нэгэнт болжээ.