Чөлөөт бөхийн УАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр/2024.01.12/ эрэгтэй зургаа, эмэгтэй долоон жингийн сонирхолтой барилдаанууд Буянт-Ухаа спортын ордонд өрнөх болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 53, 59, 68, эрэгтэйчүүдийн 57, 70, 97 кг-ын медальтнууд тодрох бол эмэгтэй 50, 55, 65, 76 кг, эрэгтэй 61, 86, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болох юм.
Хамгийн хүнд жин 125 кг-д хамгийн олон буюу 33 бөх зодоглож байгаа бөгөөд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, олимпийн шагналт байрын эзэн М.Лхагвагэрэл тэднийг ахалж буй. Түүнчлэн Азийн аваргын дөрвөн медальт О.Үйтүмэн, уран барилдаант улсын харцага Ш.Пүрэвгарьд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий.
Мөн олимпийн жин болох 86 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, 23 хүртэлх насны Азийн аварга Н.Батбилгүүн тэргүүтэй 18 бөх зодоглоно. Өнгөрсөн жил энэ жинд Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн.
Олимпийн жин болох эмэгтэйчүүдийн 50 кг-д манлай бөх Д.Отгонжаргал зодоглоогүй ч өрсөлдөөн ширүүн өрнөх төлөвтэй байна. Энэ жинд “Токио-2020” олимийн V байрын шагналт, 23 хүртэлх насны Азийн аварга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Оюундарь, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга М.Мөнхгэрэл зэрэг сайчууд зодоглох болно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Өнөөдөр болох финалын барилдаанууд:
- Б.Болортуяа-Б.Хулан (эмэгтэй 53 кг)
- Б.Анударь-Б.Болор-Эрдэнэ (эмэгтэй 59 кг)
- П.Номин-Эрдэнэ-Э.Одзаяа (эмэгтэй 68 кг)
- З.Занабазар-Б.Мөнх-Эрдэнэ (эрэгтэй 57 кг)
- Э.Тэмүүлэн-Ц.Чинзориг (эрэгтэй 70 кг)
- Г.Ганхуяг-Ө.Батзул (эрэгтэй 97 кг)
Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагаас, тэмцээний нээлт 16:30 цагаас, хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд 17:30 цагаас эхлэх болно.