Украины зэвсэгт хүчин ОХУ-ын армийн чухал үүрэг гүйцэтгэдэг хоёр онгоцыг буудаж унагажээ. Мэргэжилтнүүд тус явдлыг Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын нисэх хүчинд тохиолдсон хамгийн том гамшиг хэмээсэн байна.
Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный улсынх нь агаарын хүчин ОХУ-ын алсын тусгалын радартай A-50 болон агаараас удирдлагын төв болгон ашигладаг il-22 онгоцыг Азовын тэнгисийн дээр нисэж явахад нь устгасан гэж мэдээлжээ. A-50 онгоц нь оногдсоныхоо дараа шууд осолдсон бол эд анги нь эвдэрсэн il-22 Оросын Анапа хотын нисэх буудалд ослын буулт хийсэн байх магадлалтай юм.
Одоогийн байдлаар Украины зэвсэгт хүчин тус хоёр онгоцонд хэрхэн амжилттай цохилт өгсөн нь тодорхойгүй байгаа. Мэргэжилтнүүд АНУ-ын нийлүүлсэн Patriot онгоц эсэргүүцэгч систем ашигласан гэж таамаглажээ.
ОХУ-ын албан тушаалтнууд болсон явдлын талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна хэмээсэн юм. Харин Кремлийг дэмжигч нийтлэлчид онгоцнууд нөхөрсөг талын галд санамсаргүй оногдсон эсвэл Их Британийн тусгай хүчин газраас харвах пуужингаар буудаж унагаасан гэх мэт таамаглал дэвшүүлсэн байна.
Их Британийн Батлан яамны мэдээлснээр ОХУ-ын армид зөвхөн зургаан A-50 нисэх онгоц байдаг. Онгоц бүрийг 330 сая ам.долларын өртөгтэй бүтжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Беларусь дахь партизанууд Минскийн ойролцоох агаарын баазад байсан A-50 онгоц руу халдсан байна. Гэхдээ тус онгоцонд хэдийн хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: The Guardian