Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр /2024.01.24/ танилцуулж байна.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт хэм хэмжээг баримтлаагүйгээс гарсан нөхцөл байдад дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэгцлэх ажлыг цаашид Засгийн газраас анхаарч ажиллана. Нэгдүгээрт, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх ажлын хэсэг байгуулж, тус үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг боогосон. Хоёрдугаарт, ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авах. Нийт 29 машин, 60 айлын шатсан орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Гуравдугаарт, галд өртсөн байрыг яаралтай засварлана.
Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна.
Гэхдээ зөвхөн алба хаагчид биш улс даяараа анхаарах хэрэгтэй.
Даатгалын тогтолцооны тухайд хүндрэлтэй. Бид энэ чиглэлд цаашид мөн зайлшгүй анхаарах шаардлага үүслээ. Олон иргэдийг орох орон гэргүй байлгаж болохгүй учир шаардлагатай төсөв санхүүг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна.
ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:
-Өнгөрсөн шөнийн 01:15 цаг дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажилласан. Гал унтраах ажиллагаанд тактикийн алдаа гараагүй. Ионкс хүчтэй дэлбэрч, алба хаагчид шидэгдэж харамсалтайгаар амиа алдсан.
Байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан машины дэлбэрэлтийн хамгийн эрчим авсан обьект бол 60 айлын орон сууц.
Нийт гурван цаг 15 минут 10 гаруй анги ажиллаж галыг бүрэн унтраасан. Утаажилтын бүсээс иргэдийг гаргах ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулсан. Хамгийн сүүлд хоёр өрхийн гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байж байгаад холбоо тогтоосон. Орон сууцны оршин суугчид бүгд эсэн мэнд байгаа.
ОБГ-ын алба хаагчдад даатгал байдаг. 50 сая төгрөгийг нөхөн олгодог.
Иогкс 40 метр газарт шидэгдэж, осолдсон золгүй осол өмнө нь Монголд гарч байгаагүй.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн Хурандаа Н.ЛХАГВАСАЙХАН:
-Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэгч 2167 УНЕ дугаартай машин зөвшөөрөлтэй байсан эсэхийг шалгахад зөвшөөрөлгүй байсан. Осол гарах үед тус замд цагдаагийн зохицуулалт байгаагүй, замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдаж байсан.