2023 он хүн төрөлхтөн дэлхийн цаг агаарыг хэмжиж эхэлсэн цагаас хойших хамгийн халуун жил болсныг Европын Холбооны “Copernicus Climate Change Service” (CS3) цаг уурын байгууллагаас мэдээлсэн.
Дэлхийн цаг уурын нөхцөл байдлын талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгэнтээ “хүн төрөлхтөн “уур амьсгалын там” руу хурдны замаар давхиж явна” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл үнэхээр хүн төрөлхтөн бид уур амьсгалын там руу явж байгаа гэж үү?
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дубайд болсон COP28 НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаар дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чулуужсан түлшний (газрын тос, байгалийн хий, нүүрс …) хэрэглээг бууруулах тал дээр санал нэгдсэн.
Түүнчлэн дэлхийн 100 орчим улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдүүлэх амлалт авсан байна.
График №1. Дэлхийн гадаргуугийн дундаж температур /долдугаар сард/
Улс орнууд цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхгүйн тулд өөрсдийн хэмжээнд хүчин чармайлт гаргаж байгаа ч 2023 онд дэлхийг халааж буй гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрээд байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий дахинаа сүүлийн 30 жилд цаг уурын эрс тэс үзэгдлүүд огцом нэмэгдсэн хэмээн НҮБ-аас мэдээлж байв. Энэхүү уур амьсгалын өөрчлөлт манай оронд ч ихээхэн мэдрэгдэх болж өнгөрсөн 2023 оны 7-8 дугаар сард олон жил тохиогоогүй их үер болсон.
2023 онд дэлхий дахинаа болсон цаг уурын эрс тэс, аюулт үзэгдлүүдийг цаг хугацааны дарааллаар хүргэж байна.