УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-ын гишүүд метрог ямар мөнгөөр барихыг мэдэхгүй байна. Улсаараа метроны сайхан зураг хараад л суугаад байх юм. Ямар төсвөөр яаж шийдэхээ танилцуулж, ярилц л даа” гэж ярьсныг нь Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өлгөж аван, хэрүүл өрдөв.
Тэрбээр “Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатрууд амилдаг гэж үнэн юмаа. Ажил ажлаа хиймээр байна. Метро эсэргүүцэж байгаа, харлуулж байгаа хүмүүс метро ашиглалтад орохоор суухгүй гэдгээ илэрхийлмээр байна” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэв.
УИХ-ын намрын чуулган завсарласан байх үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, 2024 оны төсөвтөө тодотгол хийн, 330 гаруй тэрбум төгрөгийг метро барих төсөлд зориулж, суулгасан. Түүний дараа олон улсын нээлттэй тендер зарлаж, Улаанбаатар хотын гудамжаар метроны зурагтай сурталчилгаануудыг байршуулж, нийслэл татвар төлөгчдийнхөө мөнгийг гудамжаар нэг цацсан. Энэ асуудалд олон нийт ч шүүмжлэлтэй хандаж, татвар төлөгчдийн мөнгөнд хямгатай хандахыг сануулсан.
Харин УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд метроны талаар хууль тогтоогчид тодорхой мэдээлэлтэй болох шаардлага байна гэсэн зүйл ярьсных нь төлөө Нийслэлийн Засаг дарга эмзэглэсэн нь сонгууль дөхөхөд энэ байтугай үгийг сөрөг хүчний гишүүд хэлэхэд хэрүүлээр л хариулаад байх уу гэдэг асуудлыг хөндөхөөс аргагүй болж буй юм.
Нөгөөтэйгүүр, метротой болтол лав л гурван жил шаардахаар байгаа. Тодруулбал, 2027 онд метротой болно гэдэг урьдчилсан төлөв гарсан. Гэхдээ эрх баригчдын хувьд Улаанбаатар-Дархан чиглэлийн 220 км авто замыг барихын тулд долоон жилийг зарцуулсан. Covid-19 цар тахал нөлөөлсөн гэж хэлдэг. Иймээс метро барьж байгуулж байсан туршлагагүй монголчуудын хувьд 2027 онд метротой болж, нийслэлийн авто замын түгжрэл саарна гэдэгт итгэх хүн цөөн байгаа. Гэвч эл төсөл ажил хэрэг болоосой гэдэг нь олон юм.
Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хувьд метрогоо барьж ч эхлээгүй байхад “Метрог шүүмжлэгчид метро ашиглалтад орсны дараа суухгүй байхаа илэрхийлмээр байна” гэж гоншигнох нь алаагүй баавгайн арьсыг хуваахын үлгэр болж хувираад байна.