Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийн талаарх мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд үнэн бодитоор нь мэдээлсэн, тэр нь үнэн болох нь батлагдсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулах тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас “Шувуу” ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд мөнгөн урамшуулал олгоно. Гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэлийн явцад буюу мөрдөн байцаалтын шатанд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн талаар Засгийн газрын 11-11 төвд мэдээлсэн, мэдээлэл нь батлагдсан тохиолдолд тухайн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулна.
Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлж авсан. Энэ ажлын үр дүнд АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчидтай Унгар улсаас иргэн Ж.Төгсбаяр, БНСУ-аас иргэн н.Болортуяа нар холбогдож хэргээ шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Түүнчлэн ойрын үед БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран хэд хэдэн иргэнийг албадан ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.