АНУ болон хөрш орнуудтай зөрчил хурцадсан энэ үед Хойд Солонгос цэргийн хүчин чадлаа өргөтгөж, шинэ далавчит пуужингийн анхны туршилтыг хийснээ өнөөдөр мэдээллээ. БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн төв агентлаг “Пулхвасал-3-31” пуужинг боловсруулах шатандаа байгаа бөгөөд туршилт нь хөрш орнуудад аюул занал учруулаагүй гэж мэдэгдэв. Пуужинг “стратегийн” гэж тодорхойлсон нь тэднийг цөмийн зэвсгээр цэнэглэх зорилготой гэсэн үг юм.
Хойд Солонгосын баруун эргээс тэнгис рүү хэд хэдэн удаа далавчит пуужин харваж байгааг илрүүлсэн гэж өмнөх өдөр нь Өмнөд Солонгосын арми мэдэгдсэн. Гэхдээ Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар харвасан пуужингийн тоо, нислэгийн шинж чанар зэрэг илүү тодорхой мэдээлэл өгөөгүй.
Хойд Солонгосын далавчит пуужингууд нь Өмнөд Солонгос, Япон дахь пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эсрэг хөгжүүлж буй зэвсэглэлийн нэг юм. Пёньян нь АНУ-ын эх газарт хүрэх зориулалттай тив хоорондын баллистик пуужингуудыг багтаасан зэвсгийн арвин нөөцтэй.
НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгосын далавчит пуужингийн үйл ажиллагааг шууд хориглоогүй ч эдгээр зэвсэг нь Өмнөд Солонгос, Японд ноцтой аюул учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Тэдгээрийг радараар илрүүлэхэд илүү хэцүү байхаар бүтээгдсэн бөгөөд Хойд Солонгос тэднийг цөмийн хүчин чадалтай, 2000 км хүртэлх зайд /Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад/ хүрэх зайд тусахаар бүтээж байгаа аж.
2021 оноос хойш Хойд Солонгос хуурай газар болон далайгаас харвасан алсын тусгалтай далавчит пуужингийн туршилтыг дор хаяж 10 удаа хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS