Хүний эрхийн үндэсний коммисын гишүүн Б. Энхболд өнөөдөр /2024.02.29/ мэдээлэл хийлээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүний эрхийн анхаарал татсан асуудал болон хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгдөг. Энэ хүрээнд товч мэдээлэл өгч байна.
УИХ-аас 2024 оны нэгдүгээр сарын 16-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, мөн энэ хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолыг батлан гаргасан. Хуулийн гол агуулга нь шударгаар шүүлгэх эрх, түүн дотроо халдашгүй чөлөөтэй байх эрх, цагдан хорих таслан сэргийлэхэд авах арга хэмжээ, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах арга хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөх өмгөөлөгч, мөрдөгчийн оролцооны талаар холбогдох онцлог зохицуулалтуудыг тусгаж баталсан. Хүний эрхийн үндэсний комиссоос 2023 онд УИХ-д өргөн барьсан хүний эрх чөлөөний байдлын талаар илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байхтай холбоотой нэгдсэн судалгаа дүгнэлтүүдийг хийж, УИХ-д өргөн барьснаар УИХ-аас 35 тогтоолыг баталж, тогтоолд тусгагдсан хүний эрхийн үндэсний комиссын санал дүгнэлтүүд болон хүний эрх чөлөөг хангах, шударгаар шүүх эрхийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж батлан гаргасан.
2024 оны нэгдүгээр сарын 16-нд УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай 26 дугаар тогтоолыг мөн баталсан. Энэ тогтоолд өнөөдөр Монгол Улсад тулгамдаад байгаа шударгаар шүүлгэх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарал татсан хэд хэдэн асуудлуудыг тусгаж, хуулийн төсөл боловсруулж дөрөвдүгээр сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд нэгдүгээрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгаанд өмгөөлөгчийн оролцоо, нотлох баримтыг прокурор болон мөрдөн шалгах байгууллага шүүхэд гаргах эрх хэмжээг өргөжүүлэн хуульчлах.
Гэрчээр сэжигтнийг дуудах ямар тохиолдлууд байж болох, аль болох гэрчээр дуудаж мэдүүлэг авах, үүний дараа сэжигтнээр тооцох эрх зүйн зохицуулалтуудыг халах талаар тодорхой дүн шинжилгээнүүд хийж хуулийн төсөл боловсруулах.
Мөн нотлох баримтыг цахим суурьтайгаар бүрдүүлэх, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шалгах газарт өөрийн эрх ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор гаргаж өгөх, эрх зүйн зохицуулалтуудыг тусгах. Өсвөр насны хүүхэдтэй холбоотой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийг байгуулах боломж нөхцөлийн талаар судалж танилцуулах зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтуудыг оруулж өгсөн. Үүнтэй холбогдуулаад Хууль зүй дотоод хэргийн сайдаас хүний эрх, эрх чөлөөг хангах тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хуулийн төслийг боловсруулаад, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох талуудын байр суурийг сонсоод явж байна.
2024 оны хаврын чуулганаар хүний эрхийн багц хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд өргөн барина гэсэн хүлээлттэй байгаа. Энэ дотор шударгаар шүүлгэх эрхийн өнөөдрийн тулгамдсан зарим нэг асуудлуудыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар бодлогын шинжтэй өөрчлөлт гарахуйц зохицуулалтууд тусгаж өгнө гэсэн хүлээлттэй байна. Мөн Нэгдсэн үндэстний байгууллагын дур зоргоор баривчлан саатуулах ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт сургалт соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах зөвлөмжийн дагуу Хүний эрхийн үндэсний коммиссоос Улсын ерөнхий прокурорын газар Цагдаагийн ерөнхий газар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтан албан тушаалтнуудын зөвлөгөөнд оролцож, хүний эрхийн зөрчил дутагдлуудыг хэрхэн арилгах хамтарсан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар үе шаттай зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.
Монгол Улсад хүний эрхтэй холбоотой хэд, хэдэн анхаарал татсан асуудал үүссэн. Нэгдүгээрт унаач хүүхэдтэй холбоотой асуудлууд. Хоёрдугаарт хорих анги цагдан хорих төвүүд, асрамжийн газруудад хяналт шалгалтыг зохион байгуулж, зөвлөмж хүргүүлэх, хамтран ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хүргүүлж ажилласан.
Хорих анги болон иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас Хүний эрхийн үндэсний комисст хоёрдугаар сарын байдлаар нийт 110 орчим өргөдөл гомдол ирүүлсэн. Энэхүү гомдол өргөдлийн 11-ийг нь цагдаагийн байгууллагад, 40-ийг нь прокурорын байгууллагад, 23-ыг нь Авлигатай тэмцэх газарт хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн гэлээ.