Хот тохижилт, зам дээр цацах давс, бодисын нөөцийн талаар өнөөдөр/2024.01.08/ мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү гудамж талбайгаа цэвэрлэхийг аж ахуйн нэгжүүдээс шаардлаа
-Хэр их хэмжээний давсны нөөц байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногт нийт 584 алба хаагч цас цэвэрлэсэн. Хотын гудамж, талбайн цас мөсийг 24 цагаар, нэмэлтээр ТҮК-ийн ажилчид цэвэрлэж байна. Нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар 1014 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байна. Нэгдүгээр сарын 1-нээс нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжиж байгаа. Хуучин захирагчийн алба хариуцдаг байсан. Дүүргүүд рүү бид бүхэн давс, техник хэрэгслийг шилжүүлэн хүлээлцсэн. Мөн холбогдох алба хаагчдыг шилжүүлсэн. Ингэснээр цэвэрлэгээний ажил хурдтай, зохион байгуулалтад орно гэж үзсэн. Захирагчийн ажлын алба цаашдаа зөвхөн хяналт тавина.
-Давсаа хэдий хэмжээтэй, ямар давтамжтай цацаж байна вэ?
-Эхлээд орсон цасыг тэгшлэх ёстой. Үүний дараа бодисоо цацна. Давсаа цацсаны дараа тэгшлэх, хусах ажлыг хийх ёстой. Ажил авч, хүлээлцэх гээд өнгөрсөн долоо хоногт зарим дүүргүүд цас, мөсөө цэвэрлээгүй байсан. Өнөөдрөөс жигдрээд явах байх. Давс болон бодисны хэмжээг харахад хоёр болон гуравдугаар сарыг асуудалгүй давчих байх. Өдөртөө нэг удаа бодис цацаж байгаа. Давсыг ямарваа нэгэн өндөрлөг газрууд дээр 1-3 дахин цацах чиглэл өгсөн.
Халтиргаа гулгааг багасгахад иргэд, аж ахуй нэгжүүдийн оролцоо чухал байна. Ядаж ойр орчмын 50 метр газраа цэвэрлэмээр байна. Оршин суугчид нь СӨХ-ндоо шаардлага тавимаар байна. Урьд нь ийм хүйтэн өвөл байсангүй. Хоногтоо хөрсөн дээрээ -40 гарчихсан байсан. Тийм үед бодис хайлахгүй байсан үе бий. Одоо тийм асуудал байхгүй.
Хятадаас бодис орж ирсэн. Тэр бодис лабораторийн шинжилгээний үндсэн дээр асуудалгүй гэдэг нь гарсан.
-Хэчнээн төгрөгөөр ямар хэмжээний бодис, давс авсан бэ?
-Ямар бодис ямар зардлаар авсан талаарх мөнгөн дүнг удахгүй хэлнэ. Учир нь, би энэ ажлыг аваад дөнгөж тав хонож байна.