Манай улс хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт 2014 онд хамгийн анхныхаа дуудлагыг хүлээн авч байсан. Харин цар тахлын жилүүдэд буюу 2021 онд 94000 орчим дуудлага хүлээн авсан байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд, жил ирэх тусам хүүхдийн тусламжийн утсанд хандаж, тусламж хүсэх дуудлагын тоо буурахгүй, харин ч эсрэгээрээ нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна.
Ялангуяа, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, хамгааллын дуудлага өмнөх оноос өсөж, хүүхэд андуурч утсаар тоглосон дуудлагын тоо буурчээ. Энэ нь хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний талаарх мэдээлэл өндөр болсонтой холбоотой. Нөгөөтэйгүүр, Монголын нийгэмд хүүхдийн сэтгэл санаа, бие махбод, бэлгийн хүчирхийлэл нэмэгдэх болсонтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ тухай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт 108 утсанд 168 дуудлага ирсэн. Үүнээс бие махбодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгдсэн байна.
Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нь 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан” гэв.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй ерөнхий дуудлагыг хүүхдийн эрх хамгаалах, зөвлөгөө хүссэн, мэдээлэл хүссэн, санал гомдол, зорилтот бус гэж ангилдаг байна. Хамгийн гол дуудлага нь хүүхдийн эрх хамгаалаллын тухай дуудлага эзэлдэг ажээ.
Зөвлөгөө хүссэн дуудлагын хувьд, сүүлийн жилүүдэд хүүхдүүд сэтгэл зүйн зөвлөгөө их авч байна. Энэ дотроо үерхэл нөхөрлөл, үе тэнгийхний дээрэлхэлт, цахим дарамт, сэтгэл гутрал, эцэг эх, хүүхдийн харилцаа гэх мэт зөвлөгөөг түгээмэл авдаг байна.
Мөн цахим орчин дахь дарамт мөлжлөгийн талаар дуудлага ирүүлдэг. Тиймээс тус төвийн хамт олон 2021 онд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, хамтарч ажилладаг болжээ.
Мөн чимээгүй дуудлага гэж байдаг аж. Дуудлага хийчхээд ярьдаггүй тохиолдлыг хэлдэг гэдгийг мэргэжилтнүүд талбарлаж байсан. “Хүүхэд хэлэх зүйлээ хэлж чадахгүй, ичиж санаа зовох асуудал байдаг. Ялангуяа эмэгтэй хүүхдийн дуудлагыг эрэгтэй хүн авах юм бол ярихгүй таслах тохиолдол гардаг.
Иймд чимээгүй дуудлагыг бид хяналтандаа авч ажилладаг. Ерөнхийдөө, 108 утас руу хүүхдүүд итгэлцэл олох гэж залгадаг гэж үздэг. Ярих гэж байсан зүйлээсээ өөр зүйл асууж, эсвэл чимээгүй байж, олон дахин харьцсаны дараа тэр хүүхэд би 108-д итгэж болох юм байна гэсэн итгэлийг олж авдаг” гэв.