Өнгөрсөн бямба /2024.01.20/ гарагт “S Outlet” дэлгүүрийн агуулах чөлөөлөх худалдаанд иргэд маш олноор очиж, эмх замбараагүй байдал үүссэн. Улмаар цагдаагийн ажилтнууд гурван удаа хий буудаж, иргэдэд анхааруулга өгсөн.
Энэ талаар цагдаагийн байгууллага “01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “S Outlet” худалдааны төвөөс агуулах чөлөөлөх зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болсон бөгөөд нэг дор хэт их иргэд ихээр цугларсан байсан.
Ингээд цугларч бөөнөөрөө дайрах, эмх замбараагүй байдал үүсэх, энэ асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан байсан. Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй, асуудлыг зохицуулж чадсан” гэлээ.
Цагдаагийн ажилтан хийн буу ашигласан нь хууль журамдаа нийцсэн үйлдэл бөгөөд тухайн нөхцөл байдалд авч болох боломжтой арга хэмжээ энэ байжээ. Учир нь үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй байсан гэв. Хийн буу нь цагдаагийн ажилтан хууль, журамд зааснаар биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм.
Харин энэ талаар “S Outlet” дэлгүүрээс тодруулан асуухад ” Ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Сэлбэ голын эрэг дагуух “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг нураах нь зүйтэй гэж өнгөрсөн долоодугаар сард болсон их хэмжээний үерийн дараа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шийдвэр танилцуулсан. Учир нь “S’ Outlets”-ийн барилга Сэлбэ голын голдирлыг 6 метрээр боосон гэдэг тооцооллыг хотын дарга танилцуулсан. Уг үерт тус компанийн 800 сая төгрөгийн бараа өртөж, 70 хувийг нь устгасан гэх мэдээлэл өгч байсан. Үүний дараа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Х.Нямбаатар тухайн компанийн барилгыг нураах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
“S’ Outlets” энэ удаад “Агуулахын бараагаа үнэгүй тараалаа. Мөн Цагаан сарын уламжлалт нүнжигтэй багцын худалдаа эхэллээ. Нэг барааны үнээр 3,5,10 бараа аваарай” гэх сурталчилгаа явуулсан тул иргэд ийнхүү олноороо цугларчээ.
Ташрамд дурьдахад, хамгийн анх энэ газрыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Энхбаярын захирамжаар 2002 онд олгосон. Дараа нь М.Энхболд, Г.Мөнхбаяр нарын үед тус тус тэлсэн. Хамгийн сүүлд буюу 2015 онд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийн гарын үсэгтэй захирамжаар 2409 м.кв болжээ. 2014 онд түр барилгын зориулалтаар албан даалгавар авч байсан байна. Өөрөөр хэлбэл зориулалтын дагуу бариагүй. Тус барилгыг “Ананд-Тавер” компани барьсан.