Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзлаа.
Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.
ШШЕГ нь БНСУ-ын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.
Тухайлбал, Цахим технологийн шинжилгээний лабораторид хөдөлгөөнт төхөөрөмжийн, эх код-өгөгдлийн сангийн, кибер орчны болон цахим технологийн зэрэг 4 нэр төрлийн шинжилгээг шинээр хийх боломж бүрдэж, интернэт банкны халдлага, цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, сошиал цахим халдлага зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт бүх төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжийн санах ойгоос мэдээлэл сэргээх, хөрвүүлэн авах, дуу авиа, хүний гадна дүр төрхийг биометрик аргачлалаар адилтгах, хэргийн газрыг сэргээн дүрслэх арга, аргачлалаар шинжилж, цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан тогтоох, хортой программын төрөл, ангиллыг шинжлэх, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болсон зэрэг дэвшил гарчээ.
Эх сурвалж: ХЗДХЯ