XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн цагаан сарын баярын “Битүүний өдөр тасарсан” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна.
Уламжлалт цагаан сарын баярын шинийн 1-н хоёрдугаар сарын 10-нд тохиож байгаа билээ.
Тэгвэл энэ жил зурхайн ёсоор битүүний өдөр (хоёрдугаар сарын 9)-ийг тасарсанд тооцох эсэх талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбатаас тодрууллаа.
Тэрбээр “Цагаан сар болдгоороо болж, битүүний өдөр ирдгээрээ ирнэ. Төгс буянт шинэ зурхайн ёсоор сарны тооллоор тооцоход нэг өдөр нэмэгдэж, тасардаг.
Сарны тооцооллоор тооцоход энэ жилийн тасрах өдөр битүүнд таарч байна. Ингэснээр битүүн алга болчих юм шиг санаад байгаа.
365 хоног болдгоороо болж, тухайн жил дуусдаг жамаараа дуусна. Цааш бүх зүйл хэвийн үргэлжилнэ. Монголчууд бидний цагаан сарын битүүний өдөр хоёрдугаар сарын 9-нд тохионо.
Билгийн тоолол, сарны тооллоор үзэхэд зарим өдөр нэг хоногоор тасардаг бол заримдаа нэг хоног нэмэгддэг. Хэрэв өдөр тасарвал урд талын өдрийг нь барина, өдөр нэмэгдвэл сүүлийн өдрийг дагана гэж зурхайн номонд тэмдэглэсэн байдаг.
Битүүний өдөр тасраад алга болохгүй” гэв.