Нийтийн тээврийн 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд байгаа. Ингэснээр шинэчилсэн маршрут ирэх Бямба гариг буюу 20-ноос үйлчилж эхэлнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд ашиглалтын хугацаа дууссан автобуснуудыг үйлчилгээнээс гаргах талаар өнөөдөр /2024.01.16/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр онцлов.
Тодруулбал, шинэ автобуснууд ирснээр 2023 онд насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасах аж.
Парк шинэчлэлтийн хүрээнд 600 ширхэг автобусыг БНХАУ-ын үйлдвэрээс худалдан авч буй. Энэ хүрээнд шинэ автобусны хянан шалгах ажлын хэсэг хоёр үндсэн газарт ажиллаж байгаа юм. Учир нь автобуснууд 1000 гаруй км-ийн цаанаас ирж байгаа учраас тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, бүрэн бүтэн байдлыг шалган улсын хилээр гаргаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Хоёр дахь үзлэг нь автобусны үзүүлэлт үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Улаанбаатар хотод шалгаж байгаа.
Энэ удаагийн тендер шалгаруулалт олон нийтэд ил явагдсан. Тендер зарлагдсан хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван аж ахуйн нэгж бидэнд үнийн саналаа ирүүлснээс үнийн санал болон техник үзүүлэлтээрээ БНХАУ-ын “Ютон баз” автобусны компани шалгарсан. Нийт үнийн дүн 165 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 600 ширхэг автобус нийлүүлэгдэж байгаа. Эхний ээлжийн автобуснуудыг нэгдүгээр сарын нэгний дотор үйлчилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. 600 ширхэг автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээд дуусч байгаа. Гэхдээ шинэ чиглэл, төлөвлөлт зохион байгуулсны дараа хэрвээ хүрэлцээ муутай байвал ахин худалдан авалт хийнэ гэдгийг Нийслэлээс мэдээлсэн юм.