Өглөөд ажил, сургуульдаа очих, оройд гэртээ харих гэсэн хүмүүс автобусны буудал дээр өвлийн жаврыг үл ажран, тэвчээрээ шалгах нь хэдийнэ дасал болжээ. Ийм дүр зураг автобусны буудал бүрд нийтлэг харагддаг. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дор хаяж 30 минут автобус хүлээн зогсоно гэдэг монголчуудаас өөр үндэстний хийж чадах зүйл биш аж. Ноосон өмд, годон гутал, ноолууран ороолт, ноосон малгайн хүчинд л тэвчээр заан хүлээдэг гэлтэй.
Хотын удирдлагууд нийтийн тээврийн хүртээмж, түгжрэлийн асуудлыг шийдэх гэж автобусны парк шинэчлэлт хийж, чиглэлийг өөрчилсөн. Гэсэн хэдий ч бодит байдал дээр автобусны хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Харин ч эсрэгээрээ нийтийн тээврийн хүртээмж муудаж, ажил сургуулиасаа хоцрох болсноо иргэд шүүмжилж байлаа.
Багшийн дээдийн автобусны буудал, 17:00 цаг
Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай, олон чиглэлийн зангилаа болсон газар бол иргэдийн хэлж сурснаар Багшийн дээдийн урдах автобусны буудал. Олны хөл хөдөлгөөн тасарна гэж ер үгүй. Түгжрэл дунд бараа, сураггүй байгаа унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр холхилно. Хаа нэг автобус ирэхэд бөөн хүмүүс бужигнан чихэлдэх нь ерээд оны гэрэл зургийн хальс амь оров уу гэлтэй харагдана.
“60 дугаарын автобус хүлээн зогсоно. Ирээд бараг 30 минут болж байна. Миний дүү ахынхаа автобусыг хаана явж байгааг утсаараа нэг хараад өгөөч. Сая чиглэл өөрчлөгдөөд явахаа больчихсон юм болов уу. Хөдөөний хүн болохоор сайн мэдэхгүй юм” гэж нэгэн ахмад настан ярилаа. Түүн шиг учраа олохгүй, төөрч будилж яваа хүмүүс автобусны буудал болгон дээр цөөнгүй байв.
Сурагчдын улирлын амралт дуусч, өнгөрөгч Даваа гаригаас хичээл нь орж эхэлсэн. Тиймээс буудал дээр хүүхдүүдээ хөтөлсөн эцэг эхчүүд, автобусаа хүлээн зогсох сурагчид цөөнгүй байв. Хүүхдээ сургуулиас аваад явж буй нэгэн ээж ярихдаа “Хориод минут автобус хүлээлээ. Манай чиглэлийн автобус цөөрчихсөн байна лээ” гэж ярин зогсох зуур хүсэн хүлээсэн Ч:29Б чиглэлийн автобус нь ирж, үгээ дуусгалгүй хүүхдээ хөтлөөд гүйлээ.
Багшийн дээдийн автобусны буудал хэзээнээсээ оюутнуудын хөлд дарагддаг газар. Ямар сайндаа л “Багшийн дээдийн буудал нүүвэл хөдөөний олон оюутан гэртээ харих замаа олохгүй. Бүгд л Багшийн дээдээс харих замаа заалгачихсан байдаг” гэж хошигнодог. Тэр ч утгаараа хичээл нь орчихсон оюутан зогсож байлаа. “Бид хоёр 120 мянгат чиглэлийн автобусыг хүлээж байна. Сая сургуулиасаа гарч ирээд 5-10 минутл зогслоо. Чиглэл эргэн сэргэсэн байна. Автобусны хүртээмж ч сайн байх шиг байна” гэж хоёр найз ярив.
Харин тэдний хажууханд “Оффицеруудын ордон-Таван шар” чиглэлийн автобусыг хүлээн зогсох оюутан “Өнөөдөр харж байхад Таван шар чиглэлийн автобуснууд нэг дор олноороо ирэх юм. Бараг нэг буудал дээр шууд дарааллаад арав гаруй ирсэн байх. Тэгснээ өөр чиглэлүүд нь ирэхгүй. Ер нь сонин санагдсан. Өглөөд ойр ойрхон ирж байгаа ч хүн дүүрэн явдаг” гэлээ.
“Шинэ автобустай болсон нь магтууштай байлаа. Чиглэлийн өөрчлөлт хийсэн нь ч зүгээр байсан. Гол нь хүртээмж муу юм болов уу гэж харагдсан” гэж шинэ автобусаар зорчиж, дамжин суухаар Багшийн дээдээр саатсан ахмад настан ярилаа.
Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр 600 автобус нийлүүлэхээр болж, эхнээсээ албандаа гарсан.
Өмнө нь иргэд нийтийн тээврийн хүртээмж, цэвэр цэмцгэр байдал, техникийн бүрэн бүтнээс шалтгаалан автобусанд суухаас зайлсхийдэг байсан нь нууц биш. Одоо шинэ автобус ирсэн ч хүртээмж муу байгаа талаар иргэд ярьсаар л байна.
Хотын дарга Х.Нямбаатар он гараад хийсэн мэдэгдэлдээ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1017 автобусаар 1170 автобусны зогсоолоос өдөрт 400-500 мянган зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцлыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна” гэж хэлэн чиглэлийн өөрчлөлтийг хийсэн.
Гэвч иргэдийн дургүйцэлтэй нүүр тулж, хуучин чиглэлийг сэргээсэн удаатай. Хуучнаараа ч, шинэ зохицуулалтаараа ч нийтийн тээврийн хүртээмж муу байгааг хүмүүс ярьсаар байна.