Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор арав хүрэхгүй га болтлоо багасчээ.
Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ “Би Хотын дарга болоод хэд, хэдэн аж, ахуй нэгжийг үнэхээр дийлдэггүй. Олон нийтийн дэмжлэгийг авмаар байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд наймаэ га газар л үлдчихээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн удирдлагуудыг ирж уулзаж, өмчлөлөө шилжүүлж өг гэж байгаа. Өмчийн харилцааны газраас бичиг явуулсан.
Өдгөө 2200 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, наадмын баяр руу ордог есөн хөлт туг, шарга морьдоо байрлуулах газаргүй болсон.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэд 30 га газар зарсан мөнгөнөөсөө нийслэлд хэдийг өгсөн юм. Өмчлөл дээр нь бид жил бүр хөрөнгө оруулсан. Тэр эзэд хэдэн төгрөг оруулсан юм. Үүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй бол бид өмчлөлийг буцааж 100 хувь өөрсдийн өмчид авна” гэдгийг НИТХ-ын үеэр онцолсон юм. Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1958 онд БНХАУ-ын тусламжтайгаар барьж байжээ. Тэгвэл шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон худагт олон улсын санхүүжилтээр барихаар төлөвлөөд байгаа аж.
ХҮЙ ДОЛООН ХУДАГ ДАХЬ 12 МЯНГАН ГА ГАЗАРТ 26 БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА
“Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар анх 2013 онд байгуулагдсан. Энэ газарт 26 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Тус газар байгуулагдсан цагаас хойш улсын 12.582 мянган га газрыг “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулан, ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан байдаг. “Монгол наадам” цогцолборын үндсэн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд ойролцоогоор томоохон 26 орчим бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаа ажээ. Үүний хамгийн том байгууламж нь 30 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэн юм.
Мөн 10 мянган хүний суудалтай морь барианы болон сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэх байгуулахаар төлөвлөсөн талаар албаныхан танилцуулж байсан удаатай.
Тус газрын дарга С.Сайнбаяр “Энэ жилдээ шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барих талаар чиглэл өгөөгүй. Шинэ бүтээн байгуулалтыг гадаадын хөрөнгө оруулалтаар барих төлөвлөгөөтэй байгаа. Шинээр барих цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий схез нь гарчихсан. Гүйцэтгэл нь тодорхой болсноор ажлын зураг нь бэлэн болно. Нийт төсөв нь 26 байгууламжийн нэг тэрбум болж байгаа бөгөөд шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барихад 250-300 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу олон улсын байгууллагын дэмжлэгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа” гэдэг хариултыг өгсөн юм.
Өмнө нь Засгийн газрын тогтоолоор Хүй долоон худаг, Яармаг гэсэн хоёр газар цэнгэлдэх барихаар баталсан байсан. Тэр шийдвэрээ дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 30-40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон хутагт “Монгол наадам” цогцолборын талбай дээр барихаар шийдвэрлэсэн байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр 26 барилга байгууламж барьж, 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө баталсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
“МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН
Тус газрын дарга асан Д.Хатанбаатар 2019 онд ярихдаа “Манай байгууллага тусгай хэрэгцээт газрыг 2015 онд авахад иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн газрын давхцлын асуудал байсан. Энэ асуудлыг 2016 оноос хойш гурван жил хөөцөлдөж, одоогоор Төв аймгийн Аргалант сумаас авч байгаа газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн дээр нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс 551 га газрыг авч байгаа. Ингээд газрын асуудлыг нөхөн төлбөргүйгээр шийдвэрлэж, НИТХ-д өргөн барьж, тогтоол шийдвэр гаргуулна. Засгийн газрын тогтоолынхоо өөрчлөлтийг оруулбал 2015 онд 256 дугаар тогтоолоор авсан газар маань хууль ёсных болж баталгаажих юм. Ингээд газрын асуудал баталгаажсанаар бүтээн байгуулалтынхаа 50 хувийг шийднэ гэсэн үг.
Мөн Хүй долоон худагт дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадах юм бол бүтээн байгуулалтын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр өрнөх боломжтой. Бид ажлаа дунд болон урт хугацаанд төлөвлөн харж байгаа. Нийт 12 мянган га газар дээр аялал жуулчлалын томоохон бүс байгуулахын тулд мэргэжлийн спортын холбоодынхоо удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна” гэдгийг хэлж байв.
Монгол Улсад жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын маш олон жуулчин зорин ирдэг. Харамсалтай нь, наадмын үеэр ирсэн нийт жуулчдын 20 орчим хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадам сонирхоод буцдаг. Тиймээс ирэх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршлыг солих уу, шинээр байгуулах байгууламжийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийх нь ихэд сонирхол татаж байна.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР 8 ГА БОЛТЛОО БАГАСАВ
Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор найман га болтлоо багасчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг байв.
Олон улсын карго, сургалтын төв, караоке баар гэсэн хаяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон үйлчилгээ явуулна. Газрын тохижилтын талаар ам нээгээд ч хэрэггүй. Улсын баяр наадам дөхөхөөр л улсын төсвөөр хэдэн сандал, саравчийг нь засна. Бусад үед мартагдаад удаж буй.
Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээний явуулж байсныг албаныхан зогсоосон сурагтай.
Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан удаатай.