Цонхны дулаан алдалтыг бууруулах хялбар аргыг ШУТИС-ийн багш, оюутнууд танилцуулжээ. Тодруулбал цонхны дотор талд хуулга нааснаар дамжуулалтаар алдагдаж байгаа дулаан алдалтыг 10-15 хувь бууруулах боломжтой аж.
Энэ талаар ШУТИС-ийн Эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Өвлийн улиралд цонхоор нарнаас дулаан авахаасаа илүүтэй их хэмжээний дулааныг цацрагаар алддаг. Харин хуулга нааснаар тухайн дулааныг цацрагаар алдахаас хааж, буцааж ойлгодог” гэжээ.
Мөн тэрбээр “Дулаалгын материал хөнгөн, хөвсгөр, чанартай байх хэрэгтэй. Хана 10-15 см, дээвэр 20-25 см дулаалгатай, цонх заавал гурван давхар шилтэй байх ёстой. Барилгыг яг хүүхэд өлгийдөж байгаа мэт битүү өлгийдөж дулаалах хэрэгтэй. Хэрэв байшингаа нэг дор бүрэн дулаалж чадахгүй бол эхлээд дээврээ дулаалаарай” хэмээн зөвлөсөн байна.