– Та ердөө л мөнгө босго!
Өмнөх үг
Ноён Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байх үедээ ингэж хэлснийг би хэргээр эшлэе: – Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хэчнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг. Ганц уул уурхайн салбар, нүүрсний үнээс хамааралтай эдийн засагтай орон болсон. Монгол орон маш том хөдөө аж ахуйн салбартай. Гэвч экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чамлалтай. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монголд бэлтгэдэг ч түүнийгээ 100 хувь бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээлгүйгээр, түүхийгээр нь үнэгүй шахам гадагш гаргадаг. Эдийн засгийг сулруулдаг нэг шалтгаан нь түүхий эдээ боловсруулалгүй гаргадагтай холбоотой. Би хоёр яам толгойлж, үүнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан хүний хувьд бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй юм байна гэдгийг харсан. Олон сая ам.долларын зээл авдаг ч бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргахгүй бол эдийн засгийн хөгжилд тушаа болж байна.
Мөн ОУВС-гийн төлөөлөгчтэй ноён Х.Баттулга уулзахдаа:– Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөх ёстой байсан сан. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байна. Учир нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцолсон билээ.
Энэ хоёр абзацыг би эшлэхдээ Төрийн тэргүүн асны амнаас унасан жинхэнэ бодитой дүгнэлт гэж үзээд дараах нийтлэлээ хэлхэн толилуулсу!
Бараг 20 жилийн өмнөх явдал даа. Бас л дурсчихъя. Сэтгүүл зүйд эргэх холбоо гэж нэг чухал зүйл байдаг, энэ нь сэтгүүлч хүн бичсэнээ эргээд уншигчдаараа дүгнүүлж дараагийнхаа бичлэгт анхаарах гэсэн үг гэдгийг нотолсон үйл явдал надад тохиож билээ. Дэлхийн эдийн засгийн тухай “Үнэн” сонин дахь миний цувралууд яг ийм эргэх холбоонд 2007 онд орчихсон юм. Сэтгүүлч СГЗ Жа.Пүрэв гуай руу утас цохиж “Тэр Баярхүүд баяр хүргэхсэн” гэсэн хүн нэгээр тогтохгүй гарч ирлээ хэмээн Жа.Пүрэв абугай надад хэлж байв. Үндэсний Архивын газрын дарга Д.Өлзийбаатар найз над руу залгаж чухам л байна даа оносон нийтлэлүүд болж хэмээн магтсан санагдана. Намайг Элчин сайдаар томилогдоод явахын өмнөхөн ахмад Элчин сайд О.Эрдэнэ гуай тааралдаад “Үнэн” сонины энэ сайхан нийтлэлүүдээ яана даа, үргэлжлүүлээсэй гэж хэлж байж билээ. Тэр үед над руу ярьсан, залгасан олон хүнийг би энд дурдалтгүй, тэд нэг л асуултад хариу өг гэж зөвлөж байв. Тэр зөвлөгөө өнөөдөр ч цаг үеэ алдаагүй хэмээн найдна.
Уул уурхайн хөөрцөглөл Монголын нийгэмд хэвээрээ, хүлээлт үүсгээд бөөн мөнгө горьддог хийрхэл хэвээрээ
Тэд тэр үед юу гэсэн бэ гэхлээр “Мэдлэгт суурилсан эдийн засаг” гээд байгаа зүйлээ уншигчдадаа маш энгийнээр, амьдрал дээр баримттайгаар тайлбарлаач гэсэн нийтлэг хүсэлт нь байв. Тэр асуудлаа 17 жилийн дараа уншигчдад дахин тайлбарлах нь зөв гэж би үзлээ. Учир нь уул уурхайн хөөрцөглөл Монголын нийгэмд хэвээрээ, хүлээлт үүсгээд бөөн мөнгө горьддог хийрхэл хэвээрээ, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөнийг Монголын эдийн засгийн өсөлт гэж хиймлээр ойлгоод сурталдаж байгааг би бас сөрье гэж шийдлээ. Тэгэхдээ Засгийн газрынхаа эсрэг байна гэж бүү гуйвуулаарай!
Алс хэтийн зорилт гэдгээр бид байгаа боломждоо тулгуурласан эдийн засаг гэхээсээ илүүтэй тэр их боломжийг нээх эдийн засгийг бий болгоход санаа тавих учиртай юм. Энэ бол шинэ зууны технологиуд, түүнийг эзэмших ур ухаан, тархийг хэлж байна. Ирээдүйн хандлагыг угтсан бодлого гаргаж, улс үндэстнээ ахисан эрэмбийн эдийн засагт хүргэнэ, технологийн шинэ орчинд дэвшүүлнэ, хүний нөөцийг эртнээс сургаж бэлтгэнэ, ард иргэдийнхээ тархийг түүнд зориулан цэнэглэнэ.
Хиймэл оюун ухаан, робот техник, биг дата, куантиум компьютер, композит материал, анагаах ухааны дэвшлүүд гээд явж өглөө. Шинэ зууны технологийн салбарт зөв газраа, зөв бодлогоо оновчтой төлөвлөж, тийшээ хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө бүрдүүлж чадвал алсдаа Монголын эдийн засгийг хэдэн зуу дахин томруулах нөөц бидэнд бий. Ганцхан зориг зүрх л дутаж байна.
ХҮН АМЫН 10-ХАН ХУВЬ НЬ МӨНГӨ БОСГОХОД ХАНГАЛТТАЙ
“Мэдлэгт суурилсан эдийн засаг” гэхлээрээ 3.5 сая ард түмнээ хөлдөө чирэх тухай яриагүй байна шүү. Бас нуль шинжлэх ухаан, нуль доктор, профессор, нуль академич, оволзсон их э/ш хүрээлэнгүүд, дэлхийг дэлдийлгэсэн манай 100 их, дээд сургуулиудын аль нь ч биш юм. ШУ-ны гавьяатуудын арми бүр биш юм. Тархин дахь ялимгүй мэдлэгээ ашиглаад бусдад гай тарихгүй, хөлдөө чирэхгүй, нийгэмдээ дарамтгүй мөнгө хийх, тэр нь хөрөнгийн хуримтлал болж үлдэхийг л “Мэдлэгт суурилсан эдийн засаг”гэдэгюм товчхондоо.
Оюуны багтаамж, сэтгэлгээ, овсгоо нь эрэлт хэрэгцээтэйгээ хослохоороо юун улс төржих, юун нүүрс ухах, бараа зөөх, ганзага хийх, МӨНГӨ аяндаа урсаад ороод ирнэ гэж би үздэг
Оюуны багтаамж, сэтгэлгээ, овсгоо нь эрэлт хэрэгцээтэйгээ хослохоороо юун улс төржих, юун нүүрс ухах, бараа зөөх, ганзага хийх, МӨНГӨ аяндаа урсаад ороод ирнэ гэж би үздэг. Огтын баялаггүй, эсвэл баялгаа барчихсан, газар нутаг нь ч хүрэлцэхгүй Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн тийм нэг хэсэг улс мэдлэгт суурилсан эдийн засгийг амьдрал дээр туршжээ.
Уг нь социализмаас бичиг үсгийн гайгүй боловсрол, боловсролын албадлагын тогтолцоо өвлөөд авчихсан энэ цөөхөн монгол өдийд ингэж шар махтайгаа хатаж явамгүй санагддаг юм. Жижиг үндэстэн айхтар хэрсүү байх ёстой гэсэн миний ятгалга уг нь 1990-ээд онд л хэрэгжчих байлаа. Манай нийгэм бүхэлдээ оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг болоход төрийн жаахан албадлага л орчихсон бол өдийд ингэж олон мянгуулаа лангуу, чингэлэг, зах дээр зогсохгүй (хотын хүн амын талаас илүү нь), мөнгөний хойноос шар махтайгаа хатахгүй, зам дээр алалдан түгжрэхгүй, нийслэлээ хорт утаагаар утахгүй байх байлаа. Цаашлаад элдэв луйвар, хулгай, хадгаламж зээлийн хоршооны бизнес цэцэглэхгүй, олон мянган хүн алт ухаж мөнгөн усанд хордохгүй, нэг ч нинжа төрөхгүй, газраа сэндийлэхгүй, усаа ширгээхгүй, лам, бөх тэжээхгүй, утаа тоос шороонд дарлуулахгүй байж болох байлаа шүү дээ.
Айл хашаа болгон хүнсний ногоо тарьчихвал лав Эрээн хот модоо барина
Оюунлаг, чадварлаг, сэтгэдэг хэсгээ салган авч мөнгө хийлгүүлэхийн тулд сэдэв хазайж мал аж ахуй руу оръё. Мал сүрэг маань 70 саяыг давлаа, тэгэхлээр түүнийг адгуулах малчин байж таарнаа даа. Хотоор нэг сул холхисон, ажилгүй, хотод аж төрөх чадваргүй, захуудыг бараадсан, урт гарладаг, ер нь нийгэмд онцын үүрэггүй нийгмийн энэ их хүчийг нөгөө импортлоод байдаг хүнсний салбар руу төвлөрүүлж, айл хашаа болгон хүнсний ногоо тарьчихвал лав Эрээн хот модоо барина гэсэн нэгэн шинэ онолыг би гаргаж тавьж байгаа царай нь энэ. Ингээд малчид ба хүнсний шинэ салбарынхан хүн амын 60 хувь нь болчихвол бүр сайн. Уул уурхайд 15-20 хувь нь нэг хэсэгтээ үлдэг. Төрийн тусгай, захиргааны, үйлчилгээний албан хаагчид 10 хүрэхгүй хувь байхад хангалттай. Үлдэх 10 гаранхан хувь нь л оюунлаг, чадварлаг, сэтгэдэг хэсэг байхад нөгөөх “Мэдлэгт суурилсан эдийн засаг” манайд босоод ирнэ дээ. Би энд Зүүн Азийн ба Баруун Европын зарим улсын хүн амын бүтцийг механикаар хуулбарлан дүйцүүлж байна.
Манай 3.5 сая хүн амын 10 хувь буюу 350 мянга нь миний нөгөө ятгаад буй мэдээллийн технологи, бирж, хөрөнгө, санхүүгийн зах зээл эрхлээд, тэрийг нь төр чиглүүлээд өгвөл манай нэг малчин, эсвэл нэг ногоочин өрх сардаа 15 000$-ын орлоготой болчиход элбэг хүрэлцэхээр байна. Нөгөө 10-хан хувь чинь Та бидэнд огтын саад болохгүйгээр мөнгө босгож өгөөд, тэр нь нийгэмд хөрөнгийн хуримтлал бий болгочихоор төр нь хуваарилаад тийм цалинд хүрнэ гэсэн үг, механикаар сэтгэн ярьж байна.
Банкны ба бугуйн цагны үйлдвэрлэлээс олсон орлогыг нь Швейцарын төр хуримтлал болгоод нэг цагийн ажлын хөлсний доод хэмжээг 50 $-оос дээш, өдрийнх нь 400-450 $ гэж тогтоосон ба сардаа тэндхийн нэг иргэн дунджаар 12-15 000 орчим ам.долларын цалин авдаг. Улсын хэмжээний цалингийн цэсний жагсаалт нь байна. Хэдэн жилийн өмнөх байж магадгүй ч үнэний ортой. Иргэний агаарын тээврийн нисэгч 13 440 CHF, ня-бо 12 719 CHF, их сургуулийн профессор 11 960 CHF, малын эмч 11 153 CHF, дипломатч 10 963 CHF, архитектурч 10 483 CHF, тойргийн шүүхийн шүүгч 10 400 CHF, архивын эрхлэгч 10 371 CHF, авиадиспетчер 10 307 CHF, даатгалын компанийн ажилтан 10 281 CHF, хөгжмийн сургуулийн багш 9 543 CHF, харилцаа холбооны программист 9 161 CHF, цэргийн нисэгч 9 061 CHF, лам хуварга 8 595 CHF, санхүүгийн аудитор 8 462 CHF, геологич 8 120 CHF, хэлмэрч орчуулагч 8 008 CHF, хүний их эмч 7 436 CHF, химич 7 379 CHF, ТББ-ын хуульч 7 022 CHF, дунд сургуулийн бага ангийн багш 6 981 CHF, эм зүйч 6 488 CHF, сэтгүүлч 6 894 CHF, номын санч 6 606 CHF, шоронгийн хуяг 6 593 CHF гэх мэт жирийлгээд байх нь тэр. Эд бүгдээрээ бас 13 дахь сарын цалин нэмж авдаг гэжээ.
Швейцар сургуулийн бага ангийн багш хосгүйдээ тэгж сайхан амьдраад байгаа юм биш, манайхны заадгийг заагаад дэвтрээ засаад л явахад төрдөө хуримтлагдсан сангаас 7000-8000 $-ын цалин авч байгаа ба үндсэндээ банкны актив, цагны үйлдвэрийн ашгаас хүртэж байгаа хэлбэр нь тэр юм.
МОНГОЛД 1000 ИХТИАНДР БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ
“Газар уснаа явагч” гэж дээр үеийн орос кинонд гардаг даа. Далайн сувдаар баяжихыг хүссэн нэг солиот “Надад хэдэн зуун Ихтиандр бүтээгээд аль, хоёулаа дэлхийн хамгийн их баян хүн болъё!” гэж загасан уушгитай хүүгийн эцэгт нь хэлж байдаг. Түүн шиг манайд эхний ээлжид ийм ид шидтэй 1000 Ихтиандр байхад л энэ олон захууд хаагдаж, хот тэлэхээ больж, уурхайнууд бараг зогсож, олон мянган монгол хүн лай ланчгаасаа салахаар төсөөлөгдөөд байна, надад.
Тэр монгол Ихтиандр нь тэгээд хэн юм бэ? “Банкны” хэмээх тодотголтой Чулуунбат, Сүх-Эрдэнэ, Жаргалсайхан, түүний дүү биржийн Золжаргал, Сангийн яамны сайд асан Очирсүх гээд лав миний таних “Ихтиандр”-ууд байна. Тэд бол ердөө л олон улсын биржийн үнийн зөрүүгээр алтан карт эзэмшээд явдаг улс. Тэд алт, зэс, нефтийн аль ч бирж дээр гэрээсээ чөлөөтэй тоглодог ба үнийн зөрүүг айхтар мэдэрдэг. Мэдээж энд боловсрол хэрэгтэй л дээ.
Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл төлөвшиж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болчхоод удаж байна. Тэгвэл тэр сүлжээнд ажиллах 1000-хан монгол хүн байхад л манай улсын сан хөмрөг эхний ээлжид (бараг ганц хоногт) 2-3 дахин өснө. Орос, Хятадын дунд Stock Exchange болж, Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв гүйлгэж, бирждээ байршуулан үнийн зөрүүгээр ашиг олж, бид Төв Азидаа нэгэн Швейцарь лугаа болъё гэсэн миний уриалга бол ердөө 1000 монгол Ихтиандрыг төр хэргээр зохион байгуулж яаралтай биржэд ажиллуулаач ээ гэсэн санаа юм л даа. Чулуунбат агсны надад нэг удаа ярьж байснаар бол энэ нь маш хялбар, бусдад огтын садаагүй ажил гэнэ. Ердөө л “Bloomberg” хэмээх ТВ-ийн нэвтрүүлгээс салахгүй ажиллах ёстой юм байна. Механикаар зүйрлүүлж байна.
Заавал хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, зуучлах, арилжих гэхгүй бас нэг боломжийн гарц байна. Англиар “IT” гэхэд л дэлхийгээрээ мэднэ дээ. Хятадад Мэдээллийн аж үйлдвэрийн яам байгуулчхаад Бээжингийн нэгэн дүүргийг тэр чигт нь Cybersity (цахим хот) болгосныг би 2004 онд бахархан, бас жишээлэн бичиж байсан даа. Манайд МТҮП гэж ганц цагаан байшин байх нь байна. Бас дэргэдээ кинотеатр авчраад наачихсан. Тэндээ мэдээллийн технологийн 1000 Ихтиандрыг төр хэргээр дэмжиж урамшуулаад шавдуулчихвал (манайд мянга байтугай бий л дээ) биржээс дутахгүй мөнгө урсаж орох гээд байна. Би зөвхөн өөрийн хүүгээр жишээлэхэд тэрээр EON хэмээх компани байгуулаад дотоодын төдийгүй гадаадын захиалгаар программ үйлдвэрлэж олон мянган долларын ашигтай ажиллаж байсан. Япон, Финландаас маш том захиалга авч байсан. Манай найз доктор Ж.Баясахын хүү Германд DJ (disc jockey) хийгээд мөнгө сайн босгосон жишээ байна. Энэ их авьяаслаг залуус ажилгүй гиюүрч, зарцлагдаж явахаар бултаараа DJ болоод даян дэлхийгээр тарж ажиллаад олсон мөнгөнийхөө багахныг эх орон руугаа хуримтлал болгоод илгээ л дээ.
“САХЛЫН МАШИНЫ ТОР” БУЮУ NOKIA
Заавал бирж, мэдээллийн технологи гэхгүйгээр японы ганцхан жишээг энд дурдъя. Сониноос энэ улс манайхаас маш олон Ихтиандрыг шалгаруулан авч ажиллуулж байгаа шүү. Бүр ихийг аваасай билээ. Тархины багтаамжаараа монголчууд илүү гээд тэр л дээ. Бодоожоор Солонгост очиж шал угааж байхаар ийм Ихтиандр болчхоод Японд (цаашаа АНУ, Баруунд) очвол сайнсан даа, манай залуус.
Би Японд ажиллаж байхдаа 2002 онд компьютер, видеокамер, сахлын машин зэрэг цахилгаан бараа авсан маань одоо музейд тавигдсан. Учир нь гэрлийн хурдаар дизайн, бүтцийг нь сольж сайжруулаад байгаагаас тэр. Үүнийг япончууд “Мэдлэгт суурилсан эдийн засаг” гэж үздэг юм байна. Болгоомжгүйгээсээ 2004 онд сахлын машины тороо цоолчихсон. Түүнээс хойш тийм торны эрэл суралд гараад, олдохоосоо өнгөрсөн. Анхлан 50 доллароор сахлын машин авахдаа л нэмээд 20 доллароор торны запасыг нь авчихгүй яав даа. Сахлын машиныхаа тал үнэтэй тэнцэх тор, өөр хэн ч хийж чадахгүй, энэ бол өнөөх “Мэдлэгт суурилсан эдийн засаг” гэдэг маань.
Япон улс байгалийн баялгаа барсан, төмрийн хүдэргүй хэрнээ гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт, жилд 100-аас хол давсан сая тонн ган үйлдвэрлэдэг, суурь машин, цахилгаан бараа, робот гэхлээрээ дэлхийд ямагт эхний байрт, бүгд л гангаар хийдэг. Гэтэл тэр нь өөрт нь байдаггүй. Яаж олдог хэрэг вэ? “Мэдлэгт суурилсан эдийн засгаараа” л тэр их ганг бүтээж байна. Газар нутаг давчуу, уулархаг, бас аюулгүй талаасаа тэр их гангийн үйлдвэрүүд нь далай дээр хөвж явдаг. Австрали орж төмрийн хүдэр, нүүрс аваад Япон орох замдаа ган цувимал болгон үйлдвэрлэчхээд очих ба боомтод очмогцоо шууд зардаг бололтой.
Японы хүн ам 130 саяулаа бүгд ган цувимал, цахилгаан бараа, суурь машин, робот үйлдвэрлэлээр баяжсан гэж бүү бодоорой, энд аж үйлдвэр нь эдийн засгийнхаа 25 хувь, 70 хувь нь үйлчилгээ, 5-хан хувь нь хөдөө аж ахуй, загасны аж ахуй, үүнээс тэр 70 хувь гээд байгаа үйлчилгээний ихэнх нь нөгөөх мэдлэгт суурилсан эдийн засаг–бирж, банк, мэдээллийн технологи байгаа шүү дээ.
Хот хөдөөгүй хөлхөх жиип машинаа техникийн дэвшлийн оргил нь гээд шүтчихсэн. Энэ бол хэлбэр юм. Агуулга биш
Манайхны хүн толгойтой болгон нь гар утас барьчхаад яваагаа дэлхийд их өндөр үзүүлэлт гээд нийтээрээ шахуу итгэчихсэн, хот хөдөөгүй хөлхөх жиип машинаа техникийн дэвшлийн оргил нь гээд шүтчихсэн. Энэ бол хэлбэр юм. Агуулга биш. Агуулга биш гэдэг нь мөнгө ба баялаг биш.
Би юу гэх гэж байна вэ гэхлээр утас хэрэглэсэн нь бус, утсыг бүтээсэн нь нөгөө “Мэдлэгт суурилсан эдийн засаг” юм байна гэх гээд байна. Жишээ нь хүн болгоны мэдэх, гэхдээ мартсан NOKIA. No гэдэг нь үгүй, биш гэсэн англи үг. “КIA биш”, “КIA болиоч!”, муугаар бол “КIA яршиг л байна”, “КIA хуц!” гэсэн л үг шүү дээ. “KIA Motors” гэж Солонгосын нэг алдартай компани бий. Цахилгаан бараа, автомашин гэхчлэн. Түүнтэй мөчөөрхөж Финландын нэг жижиг хувийн компани гар утас бүтээчихсэн чинь дэлхийг нэг хэсэг бүчээд 5 сая финчүүдийг хуу баяжуулаад NOKIA-ны үйлдвэрлэлээс олдог орлого нь улсынхаа ДНБ-тэй зэрэгцээд иржээ. Солонгос, Финландын өрсөлдөөний фонон дээр өөр нэг тайлбар хэлье. Санхүүгийн капитал (Баруун), үйлдвэрлэлийн капитал (Зүүн Ази), энэ хоёрын хооронд зөрчил хурцаджээ. Капитализмын уламжлалт хуучин төвүүд гэдэгт санхүүгийн бааз–Нью-Йорк, Лондон, мөн Берлинийг тооцож болно. Гэтэл энэ баазтай ана мана үздэг Токио, Сингапур, Хонконг гээд. Шинээр аж үйлдвэржсэн орнууд, Хятад, БНСУ, Тайвань бас нэмэгдэнэ. Гэтэл Энэтхэг “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийг хослуулан араас нь элдэж явна.
Эдийн засаг мэдлэгт суурилна гэсэн үлгэрээ төгсгөе. Танд маш энгийнээр хялбаршуулан тайлбарлалаа. Та өөрөө цааш нь баяжуулж унш!