ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байдаг. Тэрбээр тэр үедээ Монгол Улсын Ерөнхий сайд болно гэж бодож явсан эсэхийг хэлж мэдэхгүй. Эр хүн болгоны дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хойно.
Гэхдээ Ерөнхий сайд болсныхоо дараа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдуулж танхимынхаа бодлогыг боловсруулж ажилласан нь бол үнэний талтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо тэр өөрийнхөө боловсруулсан “замын зураг”-ийнхаа дагуу ажилласан. Тэрхүү урт хугацааны замын зургийн урьдатгал нь Шинэ сэргэлтийн зургаан бодлого юм. Магадгүй тэр ч бас У.Хүрэлсүхийн адил хананд зургаа хадуулах төдийхнөөр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон бүрэн эрхийн хугацаагаа өнгөрөөхийг хүсээгүй нь лавтай.
У.Хүрэлсүхээс засгийн тамгыг нь хүлээж авах үед Л.Оюун-Эрдэнийг энэ “өндөрлөгт” хүрч чадна гэдэг магадгүй МАН-ынхан ч итгээгүй биз. Өөрийнх нь хүрсэн “өндөрлөг”-өөс харвал улс төрийн хувьд “тэн татах хэмжээний” тэнхээтэй ч болсон байна, зоригтой ч болсон байна.
Нэгэнтээ тэрбээр “Алсын хараа-2050” бодлого боловсруулсан шалтгаанаа р тайлбарлахдаа “Хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарч, орлогын тэгш бус байдал бий болж, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, засаглалын тогтворгүй байдал үүсч, урт хугацааны бодлого алдагдаж, авлига, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлст эрсдэл үүсэх болсон нь нууц биш” гэж байв. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн тамга барьсан өнгөрсөн гурван жилийг товчхон дүгнэхэд алдагдсан шударга ёсны эрэлд гарсан он жилүүд байв.
Засгийн газрын тэргүүн болгон хэзээ сайн нэртэй байлаа. Тэр тусмаа Монголын хамгийн баян мафиудын эрх ашиг дээр гишгэчихсэн нь эсэргүүцэл тэмцэл, жагсаал цуглаандаа тулсан.
Үндсэндээ, өнгөрсөн 30 жилд Монголын эдийн засгийг нь хууль шүүхтэй нь, хууль шүүхийг нь хууль тогтоох байгуулагатай нь, хууль тогтоох байгууллагыг нь гүйцэтгэх засаглалтай худалдаад авчихсан, өөрсдийгөө төр гэж ойлгодог цөөн хүн, цөөхөн гэр бүлд шударга ёс гэж байдгийг тэр ойлгуулсан нь түүний үлдээсэн “өв” байлаа. Юм үнэнээрээ байх сайхан, үнэндээ олныг бухимдуулсан, шуугиулсан олон, олон дуулианд хэргийн гол шүгэл үлээгч нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан нь худлаа биш л дээ.
Магадгүй хувь хүнийхээ хувиар, улстөрчийн хувиар анд нөхдийнхөө авлига, хулгайг сөхөхөд амаргүй бас хүндхэн байсан нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хайчин галын дунд байсан түүнд ганц сонголт, ганц асуулт байсан нь: Намаа бодох уу, улсаа бодох уу. Журмын нөхдийнхөө талд гарах уу, шударга ёсны төлөө зогсох уу?! Энэ асуултад Л.Оюун-Эрдэнийн өгсөн хариулт нь: “Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөдтэйгөө хийх тэмцэл юм. Авлигатай хийх тэмцлээсээ би алхам ч ухрахгүй ээ” гэх үг.
Түүний авлигатай хийх тэмцлийн үр дүн тэгээд юу байв аа. Тэгвэл энэ асуултын хариултыг эдийн засгийн үзүүлэлтүүдээс харъя.
- 2023 онд экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрлээ.
- 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулжээ.
- Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.
- Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад оров.
- Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
- Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.
- Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.
- Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650,000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.
- Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165,000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
- Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
- Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.
Эдийн засгийн энэхүү үзүүлэлт бол Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 3 жил намаа биш улсаа бодсоны үр дүн байв.