“ЭТТ” ХК-иас 2012 онд иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Улмаар 2019 онд “ЭТТ” ХК үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаснаар 1072 хувьцаатай иргэн 96,480₮-ийн ногдол ашиг авч байв.
Тэгвэл энэ удаа цагаан сарын өмнө “ЭТТ” ХК иргэдэд 450-500 мянган төгрөгийн ногдол ашгийг олгох талаар зарим улсын их хурлын гишүүд мэдээлсэн билээ.Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд өндөр хүлээлт үүсээд байна.
Тэгвэл энэ талаар “ЭТТ” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ярихдаа,
“Одоогоор УЗ-ийн хурал дээр танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр судалж байна. Харин сар шинийн дараа 2023 оны ногдол ашиг болох 300 орчим мянган төгрөгийг иргэдэд олгохоор судалж байна.
2022 оны ногдол ашиг нь нэг хүнд 110-120 мянган төгрөг олгохоор байгаа. Манай компанийн хувьд одоо 2 их наяд орчим төгрөгийн өртэй. Үүнийг яаралтай бууруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах нэн шаардлагатай байна. Энэ үйлдвэр ашиглалтад орж, нүүрсийг баяжуулах үйлдвэрт угаагаад гадагш гаргавал ойролцоогоор 50-60 ам.доллар нэмж олох боломжтой” гэсэн.
Хувьцааны ашигтай холбоотойгоор иргэд хоёр хуваагдаад байна. Зарим нь ногдол ашгийг авах шаардлагагүй улс орны бүтээн байгуулалтад нэмэрлэж, үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Харин нөгөө хэсэг нь ногдол ашгийг хүртэх эрхтэй хэмээж байна.
Өнгөрсөн онд энэхүү хувьцаатай холбоотойгоор ЗГ хуралдаж “ЭТТ” ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барьсан юм.
Тогтоол үндсэн дөрвөн заалттай. Үүнд,
1. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх;
2. Компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлэх,
3. 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх, иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах;
4. Компанийн хувьцааны 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгох гэж заажээ.
Шинэ тогтоолд 2012 оноос хойш төрсөн иргэдэд ашиг ногдуулахаар шийдвэрлэсэн аж. Иймээс 1072 хувьцаа эзэмшигчийн тоо нэмэгдэж, хувьцаа өсөх хандлагатай.
2023 оны намрын чуулган лхагва гараг буюу 17-ны өдөр дууссан. Тэр үед нэр бүхий гишүүд ногдол ашгийг иргэн бүрд олгоно гэж мэдээлж байв. Энэ нь сар шинийн өмнө бэлэн мөнгө тараах, цаашлаад сонгуулийн пиар шиг хөнгөн хийсвэр байлаа. Ямартай ч эрх баригч нам сонгуулийн жилд хоёр оны ногдол ашиг 400 орчим мянган төгрөгийг хоёр хувааж олгох нь.