Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох сонсгол боллоо. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нийт 15 гишүүнтэй байдаг. Үүнээс долоог нь УИХ-аас, дөрвөн гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас, үлдсэн дөрвөн хүнийг Ерөнхий сайдаас нэр дэвшүүлж, баталдаг билээ.
Энэ дагуу Ерөнхийлөгчөөс санал болгосон лхаарамба Д.Жавзандорж нь Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар томилогдсон тул өөрийн хүсэлтээр түдгэлзэж “Жавзандамба хутагт” төвийн багш, Хансүр гавж Н.Нанзаддоржийг санал болгожээ.
Нэр дэвшигч Н.Нанзаддож “МҮОНРТ-ийн тухай хуульд заасны дагуу буюу соёл урлаг, шинжлэх ухаан, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлдэг.
Миний хувьд Гандантэгчэнлин хийдийн захиргаанд олон жил хариуцлагатай алба хашсан тул тохирох хүн гэж үзсэн болов уу.
Энэ хариуцлагатай ажилд сонгогдвол түүх уламжлал, ёс заншлын талаар олон нийтэд таниулах, нэвтрүүлэг, контент бэлдэхэд гар бие оролцож зөвлөгөө өгнө. Монголын хуучны кинонуудад түүх, бурхан шашны талаар их буруу ойлголт төрүүлэхүйц бүтээл их бий. Үүнд эмзэглэж явдаг тул цаашид гарах уран бүтээлд шашны талаар иргэдэд зөв ойлголт өгөхөд дэм болохоор хичээж ажиллана” гэж ярилаа.
Сонсголд оролцогчид шинээр нэр дэвшиж буй Н.Нанзаддоржийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд хоорондоо маргаантай байгаа тул одоог хүртэл нэгдсэн хурлаа хийж чадаагүй. Үүнээс шалтгаалан ажилчдын цалин тавигдаагүй, цаашдын уран бүтээлийн бодлого тодорхойгүй байгааг шүүмжилсэн юм.
Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Үндэсний зөвлөлд үүссэн асуудлаар ажлын хэсэг байгуулж, судлахаар төлөвлөж байгаа. Зөвлөлийн гишүүдийг эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон тохиолдолд болон өөр албан тушаалд томилогдвол, түүнчлэн Үндэсний зөвлөлийн хуралд зургаагаас дээш тоогоор биечлэн оролцоогүй тохиолдолд эргүүлэн татдаг. Үүнийг хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсны дараа гишүүдийн хурлаар шийдвэрлэдэг.
Зөвлөлийн гишүүд ажлаа хийхгүй байгаа тохиолдолд буцаан татах хуулийн заалт нь алдаа дутагдалтай байна. Хяналтын зөвлөл нь Үндэсний зөвлөлөөсөө сонгогддог тул хариуцлага тооцох асуудал ярвигтай байгааг гишүүд анхаарч үзнэ үү” гэж онцлов.