Японы төв хэсгийн Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр нас барагсдын тоо Лхагва гаригийн байдлаар 206 хүрснийг “Japan today” хуудас мэдээлэв.
Гэвч сүүлийн өдрүүдэд нас барсан зарим хүн газар хөдлөлтөд өртөж бус нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөл байдалтай холбоотойгоор амиа алджээ. Нүүлгэн шилжүүлэх төвүүдийн хүнд нөхцөл байдал олон хүний аминд хүрсэн гэж үзсэн тул хүмүүсийг зочид буудал болон бусад байранд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр орон нутгийн эрх баригчид ажиллаж байна. Нүүлгэн шилжүүлэх байранд бие нь муудсаны улмаас найман хүн нас баржээ.
Нүүлгэн шилжүүлэх төвүүдэд өдгөө 26 мянга орчим хүн байна. Мөн 3100 орчим хүн замын эвдрэлийн улмаас гэртээ харих боломжгүй хэвээр байна.
Лхагва гаригт зарим иргэнийг Каназава мужийн спортын төв рүү шилжүүлжээ. Ойрын хугацаанд Тояама, Фүкүи, Нийгата мужуудад дахин 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.
Газар хөдлөлтийн эхний өдөр цас орсны улмаас хөрсний гулгалтын аюул нүүрлэснийг Цаг уурын агентлагаас анхааруулаад байсан. Энэ долоо хоногт ч бас цас үргэлжлэн орж, хайлж, газар улам зөөлөн болж байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг уриалав.
Эх сурвалж: JAPAN TODAY