Үндэсний статистикийн хороо: 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 39.9 (2.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого буюу үнийн нөлөөллийг арилгасан хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (3.9%) мянган төгрөгөөр буурсан байна.
Харин өмнөх улирлаас 13.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлснийг тайланд дурдав.
Түүнчлэн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны нэгдүгээр улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.3 (8.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.
Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 59.2 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа аж.