Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй нэгдсэн өдөрлөг энэ сарын 14,15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд үзэгч олонтой зохион байгуулагдлаа. Энэхүү баярт урлаг соёлын байгууллагууд идэвхтэй оролцдог учраас энэ амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд багачууд олонтой үргэлжилж байлаа.
Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Сүлд чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтоо толилууллаа.
Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн уг арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Амралтын өдөр энэхүү арга хэмжээг үзэж сонирхохоор гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо хүрэлцэн ирж, урлаг соёлын арга хэмжээ сонирхож, дуу бүжгийн гайхамшгийг мэдэрч яваа хүмүүс олон байна.
Хүүхэд залуучуудын сэтгэгдлийг сонсвол “Хаврын баяр”-ыг ирэх жил илүү өргөн хүрээтэй зохион байгуулаасай гэж бодож байна. Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг циркийн тоглолтууд, уран нуграачид, спортын сонирхолтой үзүүлбэрүүдтэй хамтатган зохион байгуулбал нийслэлчүүд бүгдээрээ энэ баярыг зорьж ирдэг болох байх. Энэ жилийн арга хэмжээ үзэх харах юм ихтэй болж байгаад баяртай байна. Хаврын баяр үзэгчдийн хүсэн хүлээдэг баярын нэг болжээ” гэсэн юм.