Өмнөд Солонгосын засгийн газар олон жилийн өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу ерөнхийлөгч агсан Чун Ду Хваны боломжит бүх хөрөнгийг хурааж дууссан тухай Сөүлийн албаны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.
Армийн генерал Чун Ду Хван 1979 онд цэргийн эргэлт зохион байгуулж, 1980-1988 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
1997 онд тус улсын дээд шүүх экс ерөнхийлөгчийн хууль бусаар олж авсан 220 тэрбум воны ($168 сая) хөрөнгийг төрийн санд буцааж төлүүлэх шийдвэр гаргаж байжээ.
Чун Ду Хван 2021 онд 90 насандаа таалал төгссөн юм.
Эрх баригчид өнгөрсөн хугацаанд түүнээс нийтдээ 128.2 тэрбум воны хөрөнгийг хураажээ. Хамгийн сүүлд Сөүл хотоос өмнө зүгт 44 км зайд оршдог Осан хотоос нийт 5.5 тэрбум воны үнэлгээтэй гурван хэсэг газрыг ерөнхийлөгч агсны өв залгамжлагчдаас хураасан байна.
Ингэснээр Чун Ду Хван агснаас хурааж болох бүх хөрөнгө дуусаж байгаа гэнэ. Үлдсэн 86.7 тэрбум воны хөрөнгийг хураах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг эргэн харахаас өөр аргагүй гэж албаныхан дүгнэжээ.
Эх сурвалж: Yonhap News