Улаанбаатарт өчигдөр /2024.01.18/ 05:00 цагаас эхлэн хаанаас, юунаас гарч байгаа нь тодорхойгүй өмхий үнэр их хэмжээгээр агаарт тархсан. Тус үнэр хаанаас ялгарч байгаа талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар /НАОБТГ/, Төв цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газраас тодруулсан боловч энэ талаар тодорхой тайлбар өгсөнгүй.
Иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлшнээс ялгарсан үнэр байж болзошгүй гэсэн ч мэргэжилтэн үүнийг мөн л үгүйсгэлээ.
НАОБТГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.УГТАХБАЯР:
-Улаанбаатарт агаарын бохирдлыг хэмждэг 19 суурин харуул бий. Үүний 13 нь Цаг уур орчны шинжилгээний газрынх, зургаа нь Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрынх. Эдгээр суурин харуулуудын тухайд цаг тутмын хэмжилтийн дүгнэлтийг гаргаж “agaar.mn” сайтад дүнгүүдийг нийтэлдэг. Хэмжилтээр нийт зургаан үзүүлэлтийг үнэлдэг байгаа. Нарийн ширхэг тоос, бүдүүн ширхэг тоос, PM2.5. PM10, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн исэл, озон. Энэ дотроос хамгийн их үнэр гаргах магадлалтай нь хүхрийн давхар ислийн үзүүлэлт. Хүхрийн давхар исэл гэдэг шаталтаас үүдэлтэй буюу утаанд агуулагдаж байгаа хүхрийн давхар ислийг хэмждэг.
Өчигдөр хотод тархсан үнэрийн тухайд шууд тодорхойлох боломжгүй. Суурин харуулуудын нэгдүгээр сарын 18-ны 00:00-12:00 цагийн хоорондох үзүүлэлтээс харахад нэг суурин харуул дээр хүхрийн давхар ислийн агууламж өндөр гарсан.
10:00-11:00 цагийн хооронд нэгдүгээр хорооллын суурин харуул дээр үзүүлэлт өндөр гарсан. Өмнөх 14 хоногийн ижил цагийн үзүүлэлтийг харьцуулж үзэхээр 5-6 удаа мөн адил хүхрийн давхар исэл нь өндөр гарсан тохиолдол байгаа. Тэгэхээр энэ нь шаталтаас үүдэлтэй давхар ислийн үнэр биш гэж үзэж байгаа. Хэрэв мөн бол бусад таван тохиолдол дээр хотод тархсан үнэр адилхан үнэртэх ёстой байсан.