Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа”-ны тайлангаас хүргэж байна.
Улаанбаатар хотод 2021 онд нийт 153,724 ахмад настан бүртгэгдсэн байна. Үүнээс гэр хороололд амьдардаг ахмад настнуудын 77.6 хувь нь 69 хүртэлх насны ахмадууд байна.
Суурьшлын хэв маягаар авч үзвэл судалгаанд оролцогч ахмадуудын 71.2 хувь нь хотын захын гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 72.2 хувь нь орон нутгаас шилжиж иржээ.
Судалгаанд оролцогч ахмад настнуудын:
- 23.6 хувь нь орлого олох ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа
- хөдөлмөр эрхэлдэг ахмадуудын 75.6 хувь нь цаашдаа үргэлжлүүлэх,
- хөдөлмөр эрхэлдэггүй ахмадуудын 51.3 хувь ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байна гэжээ.
Энэ нь ахмадууд үргэлжлүүлэн ажиллаж бусдын адил хөдөлмөр эрхлэх сонирхол өндөр байгааг харуулж байгаа үзүүлэлт юм.
Судалгаанд оролцсон ахмадуудын тухайд үр хүүхэд (63.4%), ах дүү, хамаатан садан (9.5%)-аас дэмжлэг туслалцаа авах нь их бөгөөд эцэг эх, ах дүүгээ асрах уламжлалт соёлын нөлөө суурьшлаас үл хамааран хүчтэй хэвээр байгаа юм.
Уг үр дүнгээс хэдий эерэг дүр зураг илэрч байгаа ч зарим тохиолдолд солилцооны шинжтэй харилцаа үүсэх, бие даан шийдвэр гаргах эрх нь хязгаарлагдах, бие даасан статусыг нь үгүйсгэж давхар үүрэг оноох, эсвэл үл хайхран санхүүгийн хэрэгсэл байдлаар ашиглах явдал гардаг байна.
Баримт
“… Чөлөөт цаг гарах нь ер нь ховор. Чөлөөт цаг гарахаар хүүхдүүдийнхээ хүүхдийг хардаг. Манай гэр бүлийн хүний ээж нь 80 настай асаргааны хүн. Эхийгээ асрах гээд очихоор нь хүүхэд хараад өг гээд бас явуулчихна. Ирэнгүүт нь энд байдаг нь хүүхдээ аваад ирнэ. Ерөөсөө чөлөөт цаг зав зай бага байгаад байдаг”.
ФБЯ: БГД-ын 10 хорооны ахмад настан
“… Манай улсад тэтгэвэрт гараад хүүхэд харах гэдэг асуудал маш их байдаг. Өөрөө бол бие даан идэвхтэй амьдрах дуртай, найз нөхөдтэйгөө уулзах хүсэлтэй байдаг. Нөгөө талаас үр хүүхэд нь хүүхдээ авчраад өгчихдөг, хүүхдийнхээ ажлыг хийлгэмээр байдаг. Энэ асуудал манай хороонд маш их түгээмэл байдаг”.
ФБЯ: СБД-ын 17 хорооны ахмад настан
“Гэр хорооллын ахмад настнууд ногоо тарих, гадаад хэл сурах зэрэг чиглэлийн сургалтыг сонирхож байна”
Гэр хорооллын ахмад настнуудын сонирхож буй сургалтын агуулга, хэлбэрийн хувьд ашиг олох, шинэ мэдлэг чадавхад суралцах, чөлөөт цаг өнгөрүүлэх, мэдээллийн шинжтэй хэрэгцээ байна. Эдгээрийг тодруулбал,
Ахмадууд: Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гэж айгаад, гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байх шив
Баримт
“…Гэр хорооллын хөгшчүүдэд чөлөөт цагаа сайхан суугаад өнгөрүүлэх байр, орчин нөхцөл байдаггүй учраас гэр гэртээ ганцаараа эсвэл хүүхдүүдийнхээ хүүхдийг хараад сууж байдаг. Зуны улирал болохоор зарим нэг нь ногоо, мод тарьдаг. Олуулаа сайхан тоглоод, халуун савтай цайгаа уугаад, эсвэл эрүүл мэндийнхээ талаар зөвлөгөө авдаг, хоорондоо ярилцдаг чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Ер нь бол нийтийг хамарсан үйл ажиллагаа, үйлчилгээ алга”.
ФБЯ: СХД-ийн 24 хорооны ахмад настан
“…Би өөрөө спортоор хичээллэх дуртай. Тэгээд хичээллэе гэхээр заал танхим маш хомс байдаг. Хорооныхоо ахмадуудтай энд тэнд очоод тоглоё гэхээр хүртээмжгүй байдаг. Тэгэхээр ганцхан надад ч биш залуучууд, хөгшчүүдэд заал л олон баривал сайн юм байна лээ”.
ФБЯ: БГД-ийн 20 хорооны ахмад настан
“…Манайх алслагдсан зайтай гэр хороололд байрлалтай болохоор өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байх шив. Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гээд айгаад хөдөлж ч чаддаггүй. Зуны цагт амралт сувилалд долоо, долоо хоног явах юм”.
Ганцаарчилсан ярилцлага: БЗД-ийн ахмад настан
Ач зээгээ хардаг ахмадууд нийгмийн баялаг бүтээж байна гэж үзэж болно. Эцэг эхийг нь ажилтай болгож байна, хүүхдийг нь асарч байна, хүмүүжүүлж байна, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авч байна. Энэ улсын ачаа нуруунаас хөнгөлж байгаа хэрэг. Үүнийг урамшуулах системийг бий болгох хэрэгтэй гэж Нийслэлийн Ахмадын хороо үзэж байна. Магадгүй хүүхэд харах үйлчилгээтэй уялдуулж болох талтай гэж судалгааны багийнхан дүгнэжээ.