БНХАУ-ын Төв банк 10 дахь сардаа дараалан нэг жилийн буюу дунд хугацааны зээлийн хүүг 2.5 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт өндөр байгаа тул юанийн ханш үргэлжлэн сулрахаас сэргийлэхийн тулд БНХАУ-ын Төв банк мөнгөний бодлогоо улам зөөлрүүлэхэд ийнхүү болгоомжтой хандаж байгаа нь харагдаж байна.
Тус банк зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг бууруулахын тулд банкны системээс 55 тэрбум юань буюу 7.6 тэрбум ам.долларыг татжээ. Энэхүү шийдвэр нь тус улсад эдийн засгийн сэргэлт тааруу байгаа ч эрх баригчид бодлогын хүүг бууруулахаас илүүтэй валютын ханшийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзэж буйг харуулж байна.
Үүний зэрэгцээ тавдугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрийн гарцын өсөлт удааширч, жижиглэн худалдааны зарцуулалт таамгаас давсныг мэдээллээ. Энэ нь БНХАУ-ын зах зээлд үүсээд байсан эдийн засгийн сэргэлтийн тэнцвэргүй байдал бага зэрэг буурч байж магадгүйн илрэл болж байна. Тавдугаар сард хэрэглэгчдийн худалдан авалт сайжирсан ч ерөнхий сэргэлтийн дүр зураг “тун сул түвшинд” хэвээр байна гэж “Societe Generale”-ийн шинжээч онцолж байна.
Мөн тус улсын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих хүчтэй бодлогын арга хэмжээ авч байгаа ч эрэлтийг сэргээхийн тулд илүү их цаг хугацаа шаардахаар байна. Өнгөрсөн сард Засгийн газрын татаастай орон сууцыг эс тооцвол БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ дөрөвдүгээр сарынхаасаа 0.71 хувиар буурчээ. Энэ нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болсныг тус улсын Статистикийн товчоо мэдээллээ.