Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор СӨХ-дын тухай хуулийн төслийг шинэчлэх Ажлын хэсэг гараад ажиллаж буй билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ бий гэж ярьдаг. Оршин суугчдын хувьд СӨХ-тэй холбоотой санал гомдлыг маш их хэлдэг. СӨХ-ны тухай хуульд тусгахаар ажиллаж буй гол асуудлууд юу байна вэ?
-СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хууль 2003 онд батлагдсан. Энэ хуулийн зохицуулалтууд нь нэлээд ерөнхий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Сайн ажиллаж буй СӨХ-д мэдээж бий. Гэхдээ иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх, хүний өмч болсон орон сууцны үнэ цэнийг алдагдуулахгүй байх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа олон тохиолдол байна. Тухайлбал, Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь л орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан. Бусад нь хийх ёстой ажлаа хийхгүй орхигдуулж, хайнга хандаж байна гэсэн үг.
Гэтэл хотын оршин суугчдын хувьд хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны газрын тохижилт, тоглоомын талбай, ашиглалт юм. Тийм учраас сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Бид хуулийн төсөл боловсруулах ажилд СӨХ-д болон оршин суугчдын оролцоог сайн хангаж, саналыг авч, идэвхтэй, хурдтай, нямбай хамтарч ажиллана.
-СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой нийтлэг санал гомдол юу байна?
-СӨХ оршин суугчдын төлж буй төлбөрийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод, нээлттэй бус байх, тохижилт, засвар, үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэхгүй, тогтвортой ажиллахгүй байх, төлбөрөө хугацаандаа бүрэн дүүрэн авч чадахгүй байх зэрэг асуудал байна. Үйл ажиллагаа нь тогтвортой, ил тод бус, хангалтгүй байгаа нь олон оршин суугчид төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй байхад нөлөөлж байгаа.
Мөн барилгын компаниуд СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөхгүй байх, оршин суугчдын төлсөн төлбөрийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдол гарч байна.
Ажлаа хангалтгүй гүйцэтгэж буй СӨХ-ны удирдлагад хариуцлага тооцох, хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа тохиолдолд тавих хяналт, хариуцлагыг ч тодорхой, боловсронгуй болгох шаардлага байна.
Түүнчлэн дундын өмчийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, статус нь тодорхой бус байгаа нь олон асуудлыг шийдвэрлэхэд саад болж байгаа. СӨХ үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй тайлагнах, хурлаа оновчтой аргаар шуурхай зохион байгуулдаг болох шаардлага бий.
-Хуулийн төсөл боловсруулахад иргэдийн саналыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-Юун түрүүнд СӨХ-ны үйл ажиллагаанд тулгардаг асуудал, бэрхшээл, алдаа, дутагдал, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор ажиллана. Энэ хүрээнд СӨХ-д болон оршин суугч, иргэдийн саналыг авч, гадаад улс, хотуудын сайн жишгийг судална.
Хуулийн төсөлд иргэд, олон нийт болон холбогдох талуудын саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авна.
СӨХ-дод тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлгүүдийг ирэх долоо хоногоос зохион байгуулж эхэлнэ.
-Энэ хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?
-Товчхондоо, иргэд, оршин суугчдад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хуулийн зохицуулалт тодорхой болоод ирэхээр нийслэл, дүүргийн зүгээс СӨХ-той хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.
Нөгөө талаас, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, СӨХ-ныхоо үйл ажиллагаанд хяналт тавихад ахиц гарна гэж харж байна. Тухайлбал, төлбөрөө удаан хугацаанд төлөөгүй оршин суугчдад авах арга хэмжээ, хариуцлага тодорхой болно. Хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй, үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад хэн, ямар хариуцлага тооцох, СӨХ-ны үйл ажиллагаанд технологийн шийдлийг ашиглах зохицуулалт ч энэ хуулиар бий болох юм.
Орон сууцны барилгын элэгдлийг багасгах, өнгө үзэмжийг сайжруулах, ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэх, түүний удирдлага, менежментийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал ч чухал. Тэгэхээр тодорхойгүй, шийдэлгүй байгаа энэ мэт олон нөхцөл байдлыг зохицуулах заалтуудыг хуульд шинээр тусгах ажил одоо эхэлж байна.